Арваннэгдүгээр сард зохион байгуулж буй “Хэл бичгийн Их мэргэдийн баяр” арга хэмжээний хүрээнд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд зохиолоо.
Тус эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Үндэсний Номын Сан, Монгол Судлалыг Дэмжих Сан зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Мөн хурлын дэмжигч байгууллагаар Монголын Архивын Ерөнхий Газар, Монгол Ардын Нам, Дорнод Аймгийн Нутгийн Зөвлөл, Дорнод Дээд Сургууль тус тус оролцож байна.
Хурлын үеэр “Жамъян гүн ба дэлхийд данстай өв соёл” гэсэн үзэсгэлэн гарсан бөгөөд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамнаас мэндчилгээ дэвшүүллээ.
Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлаар орчин үеийн Монголын түүх, соёл, хэл шинжлэлийн салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид О.Жамъян гүнгийн Сангийн Яамны сайд, Ардыг Гэгээрүлэх яамны сайд, манай Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болсон Судар бичгийн хүрээлэнгийн дарга зэрэг төр, нийгмийн өндөр алба хашиж байхдаа Монгол Улсад Номын сан, Музей, Архивын хэргийг үүсгэн байгуулж, бичиг үсэгт ард олныг тайлах үйл хэргийг манлайлж, Монгол Улсад Европ ёсны шинжлэх ухааныг хөгжүүлж, гэгээрэл, боловсролыг өргөтгөхөд түүний оруулсан онцгой хувь нэмэр, хойч үедээ үлдээсэн түүх, соёлын үнэт өв, туурга тусгаар Монгол Улсын түүхийн зангилаа асуудлаархи өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулах, санал солилцох, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулах замаар шинжлэх ухааны шинэ мэдлэгээр Жамъян судлал, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёлын судалгааг баяжуулах юм.