Монгол, Францын уран бүтээлчид хамтран “Элч” нэртэй уран сайхны кино хийхээр бэлгэл ажилдаа орсон байна. XIV зууны үеийн түүхийг харуулах энэхүү бүтээлийн Монгол талын зохиолч, найруулагчаар “Ану хатан” киноны Т.Алтантуяа ажиллахаар болжээ. “Элч” киноны гол дүрд нэрт жүжигчин Жан Рено тоглох бол Монголын талаас Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын Г.Эрдэнэбилэг, Г.Дөлгөөн-Аюуш тэргүүтэй уран бүтээлчдийн баг ажиллана. Монголын киноны уран бүтээлчдийг дэлхийн зах зээлд хөл тавихад ихээхэн үүрэг гүйцэтгэж, Холливудынхантай ажил хэргийн нягт харилцаа тогтоогоод буй чадварлаг зураглаач Д.Ангараг мэдээж өөрийн үндсэн ажлаа хийнэ. “Элч” киног олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай бүтээл болгохын тулд тэрбээр зөвхөн Монгол, Францын уран бүтээлчид гэлтгүй Америкаас ч мэргэжилтнүүд урьж байгаагаа хэлсэн.