Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, монгол түмний хайртай хүү, ардын жүжигчин Ц.Батчулуун гуайн амь дээсэн дөрөөн дээр байна гэдгийг мэдэнгүүтээ олон хүн халуун сэтгэлээ дэлгэж, эмчилгээнийх нь зардалд хандив өргөсөн билээ. “Одоо бие нь яаж байгаа бол” хэмээн чих тавин хүлээж суугаа монгол хүн олон байгаа гэдэгт итгэж байна. Тэгвэл Ц.Батчулуун гуай маань саяхан БНСУ-ын Сөүл хотын “АСАН” эмнэлэгт эхний хагалгаагаа амжилттай хийлгээд, одоо бие нь сайн байгаа аж. Харин хоёр дахь хагалгаа буюу элэг солих үндсэн мэс ажилбараа Японд хийлгэхээр болсон бөгөөд тохирох донор хайж байгааг ойрын эх сурвалж нь хэллээ. Гуравдугаар бүлгийн цустай, өөртэй нь адилхан бие хаатай байхаас эхлээд 100 хувь тохирох донор олоход цаг хугацаа нэлээд шаардаж байгаа гэнэ. Тиймээс донороо л олчихвол Японд элэг солиулах мэс ажилбарынх нь бэлтгэл үндсэндээ хангагджээ.