Брейк бүжгийн улсын аварга шалгаруулах“Best of best” тэмцээний аварга, “Bettlewinner”тэмцээний хоёр удаагийн ялагч,“UB Dance”клубийн багш Г.Сүрэнтэй ярилцлаа.
-Хэзээнээс брейк бүжиглэдэг болсон бэ?
- Брейк бүжгийг анх зурагтаар үзэж, хөршийн ахаараа заалгаснаас хойш долоон жил хичээллэж байна. Одоо бүжиглэхгүйгээр гурав ч хонож чадахгүй.
-“Оникс” нэртэй хамтлагтай гэж дуулсан. Хамтлагийнхаа тухай танилцуулна уу?
-Манай хамтлаг анх 2008 онд байгуулагдсан. Зургаан гишүүнтэй. Хүнд болон хөнгөн элементийг хослуулж, бүжгийн хөдөлгөөнөө өөрсдөө зохиодгоороо бусдаас ялгардаг.
-Америкт “Оникс” нэртэй хип хоп хамтлаг байдаг. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Ийм хамтлаг байдгийг бид сүүлд мэдсэн. Оникс хэмээх байгалийн хар чулуу байдаг. Бат бөх, эв нэгдэлтэй байхыг бэлгэдэж хамтлагаа нэрлэсэн.
-Бүжгийн хичээлээ “Youtube”–д байршуулдаг юм билээ. Брейк бүжгээр хичээллэхэд юу хамгийн чухал вэ?
-Энэ төрлөөр бүжиглэдэг “Crush crue”, “Crush b-boy”,“Hooligans”зэрэг чадварлаг хамтлаг байдаг. Бүжигчид бие биенээсээ суралцан, нэгнийхээ шинээр гарах уран бүтээлийг хүлээдэг нь намайг хурцалдаг. Би брейк бүжгийн дөрөв дэх цомгоо гаргахаар ажиллаж байна. Ирэх оны эхээр фэйсбүүк хуудсандаа болон Youtube-д байршуулна.
-Брейк бүжиглэдэг залуус газарт толгойгоороо тулж эргэхээс авахуулаад олон төрлийн хөдөлгөөн хийдэг. Та хэчнээн арга техникт суралцаад байна вэ?
-Ийм төрлийн бүжгийн арга техник, хөдөлгөөнүүд хоорондоо уялдаа холбоотой байдаг болохоор дуусашгүй. Жишээлбэл, гар дээрээ тулж бүжиглэдэг хөдөлгөөнийг бүжигчид баяжуулан олон төрлөөр хийдэг. Эзэмшсэн хөдөлгөөнүүдээ тоолж үзээгүй ч ойролцоогоор 400 гаруй бий. Ер нь нэг хөдөлгөөн дотор зургаагаас олон элемент багтдаг. Арга техникийг нь л судлахгүй бол хэчнээн оролдоод ч бүжиглэж сурахгүй.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ