Намайг үгүйлэн дуудах Хэн нэгний хоолой Ширээн дээр асаасан Лааны гэрэлд хувилчихаад Чичирхийлэв Чимчигнэв. Сүүмийн найгав. Түүний гэрлээс, гялбах туяанаас Нүдэнд минь, сэтгэлд минь Үүрд үлдсэн цэнхэр гэгээ!... Саяхан “976” галерейд зураасан зургийн “Хараацайн дууль” үзэсгэлэнгээ дэлгэсэн зураач Д.Баярцэцэг 2006 онд ийн шүлэглэжээ. Годо нэрээр урлагийнхны дунд танигдсан тэрбээр зурахаас гадна шүлэг, найраглал, урлагийн шүүмж, тэмдэглэл бичдэг юм билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хамгийн түрүүнд нэрний тухай асуумаар байна. Галзуу ирланд эр гэгддэг зохиолч С.Беккетийн “Годог хүлээхүй” абсурд жүжигтэй холбоотой нэр үү?
-Тийм ээ. Франц, Алжирын зохиолч Алберт Камюгийн бий болгосон абсурдын философи надад хүчтэй нөлөөлсөн. Абсурд жүжгийн, оршихуйн философичдын гол төлөөлөгч С.Беккетийн “Годог хүлээхүй” жүжигт хэзээ ч ирдэггүй, ирсэн байлаа ч хэнд ч үзэгдээгүй нэгний тухай өгүүлдэг. Тэр нэрнээс улбаалж 2005 онд мэйл хаяг нээхдээ Годо гэж оруулснаас хойш найзууд ийн дуудах болсон.
-Годог дайн, эсвэл бурхан гээд янз бүрээр тайлбарладаг юм билээ. Та юу гэж боддог вэ?
-Юу гэж тайлбарлахыг би хэлж мэдэхгүй юм. Годог бурхан, цаг хугацаа, хүн гээд судлаачид янз бүрээр тайлбарладаг. Энэ нэрийг өөртөө оноосноос хойш дээрх ойлголтуудын тухай байнга бодож, Беккетийн зохиолуудыг уншин, намтар түүхтэй нь холбоотой бүхнийг цуглуулахыг хичээж ирлээ. Яагаад ч юм бэ, Годо нэртэй болсноос хойш би Ирландын зохиолуудтай ямар нэгэн байдлаар холбогдох болсон. Тухайлбал, Ж.Жоисийн “Улисс”-ийг орчуулсан Чинбаяр ах саяхан уг зохиолчийн “Зураачийн залуугийн хөрөг”-ийг монгол хэлнээ хөрвүүлсэн. Би уг номынх нь хавтаст зориулан Ж.Жоисийн хөргийг зураасан зургийн аргаар бүтээсэн.
-Уран бүтээлд тань абсурд зохиолууд туссан уу?
-Нөлөөлсөн нь бий. Би хүмүүсийн амьд харилцааг үүсгэдэг ил захидлыг эргүүлэн сэргээхийг хүсдэг. Энэ утгаараа ил захидал дээрх зураг зурдаг. Ил захидалд зориулсан зургуудаараа өмнө нь үзэсгэлэн гаргахдаа “Эхлэлийн эхлэлийн тухай төгсгөл” нэртэй ганц хүний абсурд жүжиг тоглуулсан. Азтай тохиолоор Германы жүжигчин энэ бүтээлийг тоглож өгсөн.
-Яагаад зураасан зургийн төрлөөр бүтээлээ туурвих болсон бэ?
-Би суурь уран зургаар дагнаж төгссөн. Хүний араг ясны бүтцээс эхлэн судалж, бүх төрлөөр зурах боломжтой гэсэн үг. Бүтээл туурвихад цаг хугацааны үечлэл гэж байдаг юм билээ. Нэг хэсэг би дан тосон будгаар цэнхэр, бараан өнгөөр зурдаг байсан. Түүнийгээ өөрөө ч мэдээгүй яваад үзэсгэлэнгээ дэлгэхдээ л анзаарсан. 2009 онд 240 см х 120 см хэмжээтэй муутуу цаасан дээр дан зурааснаас бүтсэн бүтээлээ бийрээр зурж, магистрийн дипломоо хамгаалснаас хойш энэ чиглэлээр дагнах болжээ. Баахан зураасууд татаад бэлэн болгочихмоор энгийн харагдаж мэдэх юм. Том хэмжээтэй цаасан дээр бийрээр тийм олон зураас гаргахад ганц ч алдах эрхгүй. Бүтээл төрөхийн тулд цаг хугацаа, энерги шаарддаг.
-Таны хувьд зураас гэж юу вэ?
-Бид өдгөө оюун бодол, сэтгэлээс гарснаа компьютер дээр шивчихдэг болжээ. Оросын зохиолч Толстой бүх зохиолоо гараар бичдэг байсан. Зураас бол нэг төрлийн бясалгал юм даа. Урлаг өөрөө хамгийн дээд хэл.
-Уран зурагт хорвоогийн түмэн өнгийг илэрхийлж болдог. Тэгтэл зураасан зурагт тэгэх боломжгүй нь танд харамсалтай санагддаг уу?
-Нэгэнт бүх өнгө хараас цагааны хооронд оршдог хойно зурагт минь дүрслэгдээгүй, илэрхийлэгдээгүй бусад өнгө миний сэтгэлд байдаг гэж боддог.
-Бээжингийн урлагийн их сургууль төгссөн юм билээ. Дорнын урлаг сонирхдог учраас тэр сургуулийг сонгосон уу, эсвэл хувь заяа юу?
-Тухайн үед Монгол, Хятадын Засгийн газраас хүүхдүүдийг оюутан солилцоогоор сургадаг байсан. Тэгээд л шалгалтад нь тэнцээд явсан.
-Манай нөхцөлд зураачид амьдралаа залгуулахад хэцүү. Багаасаа л зурж, ухамсаргүйгээр зураач болохоор шийдсэн үү?
-Зураач болно гэж бодоогүй. Төгөлдөр хуурч, чадахгүй бол сэтгүүлч, зохиолч болно гэж мөрөөдд өг байсан. Төгөлдөр хуурын сургуульд шалгалт өгч тэнцсэн. Даанч тухайн үед хөгжим авах мөнгөгүй, бас сургуулиас хол гэртэй учир хүслээ гүйцэлдүүлж чадаагүй. Долдугаар ангиасаа Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийн хувцас загварын ангид орсон. Есдүгээр ангидаа нэг тэмцээнд оролцон Дүрслэх урлагийн сургуульд шалгалтгүй элсэх эрхийн бичгээр шагнуулаад л зураач болохоор шийдсэн дээ.
-Та Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын номын зургийг зурдаг юм билээ. Тэдэнтэй ямар сэжмээр холбогдсон бэ?
-Намайг есдүгээр ангид байхад Өлзийтөгс эгч “Ням гариг” сонины сурвалжлагч байсан. Түрүүчийн ярьсан тэмцээнд түрүүлэх үед Өлзийтөгс эгч надаас ярилцлага авч анх танилцсан. Түүнээс 10 гаруй жилийн дараа утасных нь дугаарыг олж холбогдсон. Намайг анх удаа олонд танилцуулж ярилцлага авсан гэдэг утгаар, бас “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном” бүтээл нь маш их таалагдсан учир мэндийн үг илгээе гэж бодсон хэрэг. Одоо бид уран бүтээлийн, амьдралын ч сайн найз, эгч дүү болсон.
-Номынх нь зургийг зурахаасаа өмнө зохиолыг нь уншдаг уу?
- Бүтээлийг нь уншихаас илүүтэй цэвэр мэдрэмж, зөнгөөрөө хийдэг. Саяхан гэхэд Өлзий эгч “Хотын үлгэрүүд” нэртэй үргэлжилсэн үгийн ном гаргах гэж байна. Ийм, тийм өгүүллэгүүдтэй. Чи уншиж болно. Гэхдээ цаг гарахгүй л болов уу, бүтээлээ эхлүүлсэн нь дээр” гэсэн. Тэр номын зургуудад хамгийн удаан буюу жил гаруй ажилласан. Бээжинд сурч байхдаа таньдаг хэдэн найрагчдаа дэлхийн яруу найргийн өдрөөр өөрийнх өө зурсан зурагтай ил захидал явуулсан. Аюурзана ахад илгээснийг тэрбээр “Сэтгэл рүү шагайгч Түүнд” номынхоо хавтасны зураг болгосон байсан. Дашдондог гуайн саяхны нэгэн ярилцлагыг уншаад хүүхдэд зориулсан номын зураг зурж болмоор санагдаж холбоо тогтоосон.
-Зурахаас өөр юу хийдэг вэ?
-Хүн өөрийгөө танихын тулд насан туршдаа хөдөлмөрлөж, чадах бүхнээ хийх хэрэгтэй. Үйл хөдлөлийн урлагаар найман жил дагнаж байна. Бас найраглал, өгүүлэл, тэмдэглэл бичдэг.
-Судалгаа хийдэг гэж дуулсан.
-Монголын эртний урлагийн түүхийг Хятадынхтай харьцуулан гурван жилийн өмнөөс судалж эхэлсэн. Хятадын урлагийн түүхтэй холбоотой материал надад хангалттай бий. Одоогоор түүхчдийн Монголын тухай бичсэнийг цуглуулж байна.
-Өрнө, дорнын урлагийн аль нь таны сонирхлыг илүү татдаг вэ?
-2008 онд өрнө, дорнын урлагийг хослуулсан үзэсгэлэн гаргасан. Дорнынхон муутуу цаасан дээр зурдаг бол өрнийхөн зотон даавуу ашигладаг зэргээр илүү хүнд техниктэй. Дорнынхны цаас бүтээсэн түүх, хэрэглэдэг бийр бэхээс үзэхэд нүүдэлчдийн соёлын эх гэмээр, гар хийцийн авсаархан зүйлс ашигладаг. Тухайлбал, бургасны иш, савхаар бийр хийдэг. Иймэрхүү хөнгөн зүйл миний сэтгэлийг илүү хөдөлгөдөг. Гэхдээ өрнө ба дорно гэж ялгахаас илүү хослуулах нь зөв байх. Бид л ертөнцийг баруун, зүүн гэж хуваадгаас биш, задгай огторгуйгаас дэлхий цул харагдана шүү дээ.
-Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд нөлөө үзүүлсэн зохиол, зураг байдаг уу?
-Хүүхэд байхаас эхлээд өдийг хүртэлх амьдралд тохиолдсоноо эрэгц үүлж бодоход би кино, жүжгийн нэг хэсэгт тоглоод байх шиг санагддаг. Өлзийтөгс эгч хүртэл “Чи ёстой бүтэлгүй юм аа, үргэлж л асуудалд орооцолдож байх юм” гэдэг. Байнга шахам азгүйтэж байдаг болохоор миний амьдрал надад хангалттай сургамж болдог доо.
-Ганцаардаж, дурлал бүтэлгүйтсэн үед илүүтэй зурмаар санагддаг уу?
-Амьдралынхаа 10 орчим жилийг Хятадад өнгөрүүлэхдээ ихэнхдээ ганцаараа байсан. Ганцаардаад сурчихсан болоод ч тэр үү, одоо урландаа байхдаа ганцаараа, гэртээ бол бичгийн ширээнийхээ ард цагийг өнгөрүүлдэг. Ганцаардлаасаа гарч, нийгмээ танин мэдэх хэрэгтэй юм байна. Хүмүүстэй яг яаж харилцах тал дээр нарийн ойлголт надад байдаггүй. Ганцаардсан, эсвэл гунигласан, хүнд хэцүү үед уран бүтээлээрээ сэтгэлээ илэрхийлнэ гэдэг буруу зүйл биш. Тэр нь заавал хар бараан байх ч албагүй. Харин ч ийм үед үнэн сэтгэл илүү хүчтэй гардаг юм болов уу. Би өөдрөг хүн үү, эсвэл гутранги уу гэдэг нь миний бүтээлээс л харагдах байх.
-Танд бусдаас онцгойрох хүсэл байдаг уу?
-Хээр талд ганц улаан цэцэг ургавал тэр онцгой. Цэлмэг тэнгэрт ганц үүл хөвж байвал тэр өвөрмөц. Тэгэхээр онцгой байна гэдэг байгалиас өгөгдсөн мөн чанар юм уу даа.
Б.ДӨЛГӨӨН