Цэнгээнт бүжгийн “Улаан сарнай”, “Хатан Туул” хамтлаг. Энэ хоёр нэр ихэр юм шиг дуудагдаж, цэнгээнт бүжгийн тэмцээн болгонд ёс юм шиг урд, хойноо орж, 20-иод жилийн турш төрөлдөө хаанчилж буй. Санхүү эдийн дээд сургуулийн “Улаан сарнай”, ХААИС-ийн “Хатан Туул” хамтлаг оролцож байгаа тохиолдолд бусад нь тухайн тэмцээний гуравдугаар байрын төлөө л өрсөлддөг гэсэн яриа ч байдаг. Монголын цэнгээнт бүжгийн ертөнцөд хаанчлах нь нэг хэрэг, харин дэлхийн тайзнаа өрсөлдөх нь огт өөр зорилго, тэмүүлэл болохыг “Хатан Туул”- ынхан сайн мэднэ. Яагаад гэвэл тэд Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцоод байгаа туршлагатай бүжигчид. Бүжгийн спортыг олимпийн наадмын төрөлд оруулахаар хөөцөлдөж байгаа бөгөөд үүнд оролцох эрх авахын тулд дэлхийн аваргын тэмцээнд таваас доошгүй удаа хүч үзэн, хагас финальд шалгарах ёстой гэнэ. Тэгэхээр олимпийн наадамд монгол бүжигчид оролцох эрхээ бараг өвөртөлчихсөн гэсэн үг. Германы Брауншвейг хотноо саяхан болж өндөрлөсөн 2013-2014 oны Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ХААИС-ийн “Хатан Туул” хамтлаг амжилттай оролцоод ирсэн. Дэлхийн бүжгийн спортын холбооноос 44 дэх жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд 12 орны 18 хамтлаг оролцсоноос “Хатан Туул” хагас финальд шалгарчээ. Орос, Герман, Чех гээд бүжгийн спортоор дэлхийд хол тасархай цойлж яваа Европын шилдэг бүжигчидтэй өрсөлдөж, ардаа долоон баг орхино гэдэг чамлахаар үзүүлэлт биш.
Өнгөрсөн жилийн тэмцээнд оролгүй өнжин бэлтгэл, сургуулилалтаа хийсэн Польш, Унгар, Недарланд зэрэг орны хамтлагууд өнөө жил оноогоор илт илүүрхэн гарч ирсэн ч цэнгээнт бүжгийн өлгий нутаг гэгддэг Герман, Оросын багт эрхгүй ялагдаж медальгүй хоцорсон байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финаль буюу шилдэг зургаан хамтлагийн нэг болно гэдэг ямар ч медаль, мөнгөн шагналтай зүйрлэшгүй эрхэм зүйл байдаг учраас ирэх он жилүүдэд Монголын “Хатан Туул” ч мөн тоонд орох болтугай гэж ерөөе. Энэ удаагийн тэмцээнд хамтлагийн дасгалжуулагч багшаар Монголын бүжгийн спортын холбоо (МБСХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг, “Хатан Туул” хамтлагийн ахлагч, бүжгийн багш Т.Лхагвасүрэн, багш, дасгалжуулагчаар Ч.Анхбаяр, уран сайхны удирдагч, ерөнхий зохион байгуулагчаар Л.Цолмон ажиллажээ.
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ГАРСАН ТҮҮХ
Бүжгийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, үзүүрлэсэн хамтлаг дэлхийн аваргад оролцох эрхтэй ч бүх зүйлээ өөрсдөө хариуцдаг манайхны хувьд энэ нь тийм ч амар зүйл биш аж. Улсад 15 түрүүлсэн “Хатан Туул” гэхэд л 2010 онд Польш улсад зохиогдсон Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос төдийгүй Азиас анх удаа оролцож байсан түүхтэй. Европчуудын хувьд “Бүжгийн олимп” гэгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд нь Азиас, тэр дундаа нүүдэлчин Монголоос уран бүтээлчид оролцох гээд ирчихсэн байхыг хараад “нүд нь орой дээрээ гарч”, “Эд нар юу чадах юм бол” гэж сонжсон нүдээр ширтэж байсныг уран сайхны удирдаач Л.Цолмон хэлсэн. Манайхан анхны тэмцээндээ орохдоо туршлагагүйтэж, монгол хувцастай, монгол аялгуунд танго, вальс бүжихэд нь гаднынхан сайн ойлгоогүй тул 2012 оны дэлхийн аваргад очихдоо эрс шинэчлэл хийжээ. Дэлхийд алдартай “The Phantom of Opera” дуурийн аялгуунд шинэ хөдөлгөөн, шинэ найруулга, шинэ дүр төрхтэйгөөр бүжиглэсэн “Хатан Туул” энэ удаа 16 хамтлагаас наймдугаар байрт шалгарч, европчуудыг дахин гайхашруулсан гэдэг.
Дэлхийн аваргын тэмцээний түүхэнд эхний 10-аас хойш орж үзээгүй дархлагдсан улс орнуудын бүжигчдийг ардаа орхиход нь “Монголчууд ямар хурдан сайжирчихаа вэ” хэмээн хошууран баяр хүргэсэн тухай хамтлагийн ахлагч Т.Лхагвасүрэн хуучлав. Түүнчлэн Германы сэтгүүлчид “Оюутнууд учраас хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хийхэд та бүхэнд хэцүү байдаг уу. Гэхдээ та нар улсынхаа хангамжинд байдаг биз дээ” гэхчилэн асуултаар “булж” байжээ. Үнэндээ тэдэн шиг бүх зүйлээ улсдаа даатгачихаад, бэлтгэл хийснийхээ төлөө мөнгө аваад “тарвалзаж” хэвтдэг хүмүүсийн хувьд “Хатан Туул”-ынхан замын зардлаа сургуулиасаа гаргуулаад, бусдыг нь өөрсдөө болгодог гэдэг үг үнэмшил муутай сонсогдох нь мэдээж. Хүний нутагт оччихоод эх орноо муулж зүрхлэхгүй, нэр хичээхдээ “Бид өөрсдөө эхлээд өндөр амжилт үзүүлснийхээ дараа төр засагтаа хандъя гэж бодож байгаа. Биднийг амжилт гаргасны дараа улс маань дэмжинэ. Одоохондоо Азид хамтлагийн төрлөөр тэмцээн зохиогддоггүй учраас бид та хэдтэй л өрсөлдөхөөс өөр аргагүй байдаг” хэмээн аргацаадгаа бүжигчид учирлав. Харин ХААИС-ийн ректор, доктор профессор Т.Хэрүга тэргүүтэй захиргааныхан, багш хамт олныхоо дэмжлэгээр тэд дэлхийн аваргын дөрвөн ч тэмцээнд оролцоод ирсэнд нь талархал илэрхийлмээр санагдаж байна. Өнгөрсөн жил ХААИС, БШУЯ-ны хамтарсан хөрөнгөөр “Хатан Туул” хэмээх оюутны мини театртай болж, бэлтгэл сургуулилалтаа хийх боломж бүрджээ.
“НАЙМАН МИНУТЫН ТЭМЦЭЭНД ОРОХЫН ТУЛД 8000 КМ ЗАМ ТУУЛДАГ”
Германд болсон дэлхийн аваргын тэмцээнийг хоёр ч удаа зорин очсон “Хатан Туул” хамтлагийнхныг өнөө жил тус улсын телевизүүдээр ийн зарлаж байжээ. “Энэ жилийн тэмцээний шигшээ 12-т үлдсэн хамтлагуудыг бүгдийг нь шилдэг гэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл эдгээр хамтлагийн хоорондох онооны зөрүү 0.5-2 балл л байна. Тэмцээн учраас яалт ч үгүй аль нэг нь түрүүлж, нөгөөдүүл нь урд, хойноо орлоо. Тэр дундаа Монголын хамтлаг найман минутын тэмцээнд оролцохын тулд 8000 км зам туулж ирдэг. Энэ бол монголчуугууллагуудын хөдөлмөрч, тэвчээр хатуужилтай, зоримог дайчин зан чанартай холбоотой. Жирийн нэг их сургуулийнхаа харьяанд байдаг хамтлаг нь ийм мундаг чадвартай байгаа юм чинь Монгол Улсын бүжигчид, соёл, урлагийн хөгжил ямар түвшинд явааг эндээс харж болох нь” гэхчилэн ярьж байсныг тус тэмцээний цахим хуудас дахь бичлэгээс ч бэлхнээ үзэж болно. Бүжгийн спорт гэдэг ямар хүнд хэцүү, хэчнээн олон жилийн уйгагүй хөдөлмөр шаарддагийг сайтар мэдэх герман үзэгчид манайхныг бүжиглэхээр босож зогсоод алга ташиж байгааг харахад үнэхээр сайхан. Харин Монголд цэнгээнт бүжгийн хамтлаг Азийн орнуудаас түрүүлж хөгжөөд 20 гаруй жил болж байгаа ч манай соёл, урлагийн байсайн монголчуугууллагууд үүний үнэ цэнийг төдийлэн ойлгодогг үй аж. Бусад орны хамтлагууд сэтгэл зүйч, нүүр будагч, хувцасны дизайнер, багш дасгалжуулагч, туслахууд гээд арваад хүн дагуулчихсан ирж байхад манайхан өөрсдийнх өө зардлыг яая даа гэдэг учраас орчуулагч ч авч явдаггүй байна. Европчууд шиг сваровский шигтгээгээр бүрсэн даашинз өмсөхөө байг гэхэд ядаж дараа жилийн дэлхийн аваргын тайзнаа гарахдаа стандарт нормынх нь дагуу чанартай сайн материалаар хувцас хийгээд өмсчих юм сан хэмээх Л.Цолмон багшийн үг ойлгодог хүнд бол нэгийг бодуулмаар.
Цэнгээнт бүжгийг энэ хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гавьяаг СУИС-ийн багш, урлагийн гавьяат зүтгэлтэн н.Алтанцэцэг, Монголын залуучуудын холбоо хоёр хувааж хүртэх ёстой. Эдний ачаар цэнгээнт бүжиг манайд бүх насанд жигд хөгжиж, өдгөө спортын урлагийн төрөл гэгдэн олимпийн дүрмээр шүүгддэг, өөрийн гэсэн тавилттай энэ тэмцээнд монголчууд амжилттай оролцох эхлэл тавигдсан юм. Энэ бол Монголыг дэлхийд өөрөөр харуулах бас нэг боломж гэдгийг уран бүтээлчид хэлж байв. Учир нь “Хатан Туул”-ынхныг өнөөдөр Европын ямар ч мундаг хамтлаг таньж, дуу шуу болон мэндчилдэг гэсэн. “Урьд нь бид Монголдоо өрсөлддөг шигээ санаад манай хамтлагт зөвхөн ХААИС-ийн оюутнууд байх ёстой гэдэг байсан. Харин дэлхийн аваргын тэмцээнд анх орсноосоо хойш заавал тэгж туйлшрах хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт бид дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцохыг зорьж байгаа учраас хаана, ямар авьяастай хүн байна, тэдгээрээс царай төрх, нуруу, бие галбираар жигд хэсгийг нь хамтлагтаа шалгаруулж авч байхаар болсон. Одоогийн бүрэлдэхүүнд байгаа залуус маань сүүлийн долоо, найман жил солигдоогүй, тогтвортой бүжиглэж байгаа. Гурав нь СУИС-д сурдаг, бусад нь манай сургуулийнх” хэмээн уран сайхны удирдаач Л.Цолмон ярилаа.
“ХАТАН ТУУЛ”-ААС ҮҮССЭН ХАЙРЫН РОМАНС
1995 онд байгуулагдсан “Хатан Туул” хамтлагаас энэ хугацаанд 250 гаруй залуу бүжгийн спортод хөл тавьжээ. Өнөөгийн Монголын бүжгийн спортын холбоог үүсгэн байгуулж хөл дээр нь зогсоосон залуусын олонх нь эднийх. Дэлхийд данстай хамтлаг байлаа гээд тогтмол цалин, орлогогүй тул залуу хүний хувьд зөвхөн бүжгээр амьдралаа залгуулах боломжгүйгээс болоод авьяаслаг олон залуу “Хатан Туул”-аас зам салжээ. Үнэхээр бүжгийн төлөө гэсэн сэтгэлтэй ганц нэг нь л өдгөө хамтлагтаа хүчин зүтгэж байна. Өдгөө “Хатан Туул”-д 18-27 насны залуус бүжиглэдэг. 20 жилийн түүхтэй цэнгээнт бүжгийн хамтлагаас хосууд төрөхгүй байвал “алдас” биз. Стандарт бүжгийн онцлог нь хосууд нэгнээ маш сайн ойлгож, мэдрэх ёстой байдаг учраас олон жил хамт бүжиглээд ижил дасал болсон хүмүүс бие биедээ сэтгэл алдрах нь бишгүй. Өнгөрсөн хугацаанд “Хатан Туул”-аас зургаан гэр бүл өрх тусгаарласан бөгөөд одоогийн бүрэлдэхүүнд бүжиглэж буй Ч.Ганцолмон, Г.Болормаа болон У.Халиун, Э.Отгон-Эрдэнэ нар мөн айл болж гал голомтоо бадраажээ. Тэднийг залгамжлах хос дахиад бий гэсэн.
Л.ГАНЧИМЭГ