Японд уран бүтээлээ туурвиж, амьдардаг монгол зураач Самбуугийн Заяасайхан “Tokyo metropolitan” арт музейд жил бүр зохион байгуулдаг олон улсын зураачдын наадамд оролцож байна. Дэлхийн өнц өг булан бүрээс тус наадамд 300 зураач уран бүтээлээ сойж байгаа аж. Ирэх ням гариг буюу энэ сарын 16-нд тэдний бүтээл үүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна. С.Заяасайхантай цахим шуудангаар холбогдон энэ тухай мэдээлэл авсан юм. Өдгөө шалгаруулалт ид явагдаж буй. Манай зураачийн бүтээл хэр хол давхихыг урьдчилан хэлэх боломжгүй ч нэг сайхан мэдээ байна. Юу гэхээр С.Заяасайханы бүтээл Токио хотын Удирдах засаг захиргааны нэрэмжит шагнал авсан нь тодорхой болжээ.
Энэ бол Япондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй шагнал бөгөөд тухайн уран бүтээлчид үзүүлж буй том хүндэтгэл гэж тус улсад ажиллаж буй нэгэн сэтгүүлч мэдээлсэн. Үүнээс гадна зураач залуу ирэх сарын 9-нд Японы Гинза дүүргийн “Hide Fukasaku” галерейд “Талын домог” бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд туурвисан 20 зургаа япончуудад толилуулах гэнэ. Үүний дараа энэ үзэсгэлэнгээ Нью-Йорк, Тайваньд зохион байгуулахаа тэрбээр мэдээллээ.
Ж.ЭРДЭНЭ