Ардын жүжигчин Ц.Цэгмидийн ач, Төрийн шагналт жүжигчин Төмөрбаатарын хүү Анартай ярилцлаа. Өвөө, аавынхаа авьяасыг өвлөсөн тэрбээр “Чонын алтан шагай”, “Улаан эрэг”, “Улаан дөрвөлжин”, “Сүүлчийн шөнө”, “Мөрдөгч” тэргүүтэй 10 гаруй кинонд тогложээ. “Улаан эрэг” киноны мангас Мягмарын дүрийг үзэн ядтал амилуулж чадсан” хэмээн хүмүүс түүнийг үнэлдэг юм билээ. Үргэлж шахам “муу талын баатар”-т тоглодог тэрбээр “Эсрэг дүр эерэг дүрийг тодотгодог. Би хэр муухай байхаас шалтгаалж эерэг дүр сайхан харагдана. Гэтэл эерэг дүр хэчнээн сайн байгаад намайг илүү муу харагдуулахгүй. Ийм дүр хүний сэтгэлд байнга хоногшдог учир би дуртай” гэсэн.
-Таныг барилгын материалын технологийн инженер мэргэжилтэй гэж дуулсан. Хэзээнээс жүжигчин болсон бэ?
-Уг нь би 1996 онд аравдугаар ангиа төгсөөд аавдаа “Удмаа дагаж жүжигчин болмоор байна” гэж хэлэхэд “Намар хүрээд ир” гэсэн. Даанч дассан газрын даавуу зөөлөн гэгчээр Дархандаа үлдмээр санагдаад явж түвдээгүй. 2003 онд Дарханы технологийн сургуульд орж, төгсөөд барилгын компанид мэргэжлээрээ ажилласан. Сүүлд компани байгуулж, 2008 он хүртэл үйл ажиллагаа явуулсан юм. Дараа жил нь манай найз Б.Магсаржав, Дарханы Замын цагдаагийн газрын тасгийн ахлагч П.Ганхуяг нар “Зам тээврийн ослын тухай богино хэмжээний кино хийх гэж байна. Аав, ах хоёртойгоо холбоод өг” гэсэн. Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасаг, Нийслэлийн Замын цагдаагийн газар өнөөх санааг нь дэмжихээр болж, бүрэн хэмжээний кино хийсэн. Тэр миний тоглосон анхны кино. Уг нь багадаа “Бэрсүүт жүрж” кинонд оролцсон. Даанч монтажлахдаа миний хэсгийг хассан юм билээ. Би багаасаа дуу, бүжиг, жүжгийн дугуйланд явдаг байсан учир Дарханы Залуучуудын театрынхан намайг андахгүй. Сурахад хэзээ ч оройтдоггүй юм билээ. Одоо би СУИС-ийн найруулагчийн хоёрдугаар дамжаанд суралдцаг.
-“Сүүлчийн шөнө”, “Улаан дөрвөлжин”, “Зам” зэрэг олон кинонд аавтайгаа хамтран тогложээ. Аав нь юу гэж зөвлөдөг бол?
-Аав хүмүүстэй нялцганаад байдагг үй араншинтай. Үр хүүхд үүддээ ч тэгж ханддаг. Зөвлөгөө авах гэхээр “Ерөөсөө л ийм юм гэж чамд хэлж өглөө гээд чи минийхээр сэтгэхгүй. Сэтгэхүйгээ дүртэй холбож чадвал амьдарна. Аливааг хар, сур. Бэлэн юм бодохын оронд тоглолтоо өөрөө гарга. Тэгэхгүй л бол Төмөрбаатарын хүү, Цагааны Цэгмидийн ач гэдгээрээ л дуусна. Нүд л үнэн байх хэрэгтэй. Нүд бол сэтгэл доторхийг цөмийг илэрхийлдэг. Сэтгэл үнэн байвал үйл хөдлөл үнэмшилтэй болно” гэж хэлдэг.
-Та жүжигчний мэргэжил эзэмшээгүй байж 2009 оноос хойш олон кинонд тоглож, бүр “Улаан пальто” киноны нэгдүгээр найруулагчаар ажилласан юм билээ. Сургуульд сурах хэрэг байна уу гэж бодож байсан уу?
-СУИС-ийн багш нар мундаг. Алтан үеийн жүжигчдээр хичээл заалгаж байгаагаараа бахархдаг. Гэхдээ “Амьдрал үзээгүй байж жүжигчин болно гэдэг бүтэшгүй. Хүслээр болдог бол манайхан 30 хүрчихээд жүжигчин болвол яасан юм бэ” гэж би боддог. Архи ууж үзээгүй байж согтуу хүний дүрд тоглож, ядаж нэг өдөр өлсөж байгаагүй хэрнээ ядуу хүн болж жүжиглэнэ гэдэг хэцүү.
-Тэгвэл та амьдралд тохиолдолж болох юм бүрийг үзье гэж боддог уу?
-Би амьдралдаа чамгүй ихийг туулсан. Одоо 37 нас хүрч байна. Намайг Дарханыхан муу нэрээр сайн мэднэ. Гэхдээ миний үзсэн, туулсан минь бусдад хал балгүй учир өөрийн зөв гэж ойлгодог. Аав намайг орхисонд урьд нь гомддог байсан. Би жүжигчний амьдралаар долоон жил явжээ. Энэ мэргэжил ямар их золиос шаарддагийг биеэрээ мэдэрч байна. Наад захын жишээ дурдахад, идэр есийн хүйтэнд хром өмсөөд өдөржингөө гадаа зогсох тохиолдол энүүхэнд. Ханиад, хатгаа тусах энгийн асуудал. Жүжигчид эрүүл мэндээ гаргуунд нь гаргадаг юм байна. Үнэхээр ойлгодог хүнтэй л ханилахгүй бол гэр бүл тогтворгүй болдог. Ингээд бодохоор аавыгаа буруутгадаггүй. Аав, ээж хоёр намайг гурван настай байхад салсан. Намайг төрсний дараах жилүүдэд аав “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс” гээд л өчнөөн кинонд тоглож, гэртээ үзэгдэхгүй, ээжид хэцүү байж.
-Хувийн амьдрал, карьерийн алийг чухалчлах вэ?
-Би урьд нь хувийн амьдралдаа дэндүү их цаг гаргасан. Тийм их завтай суулаа гээд одоо амжилтад хүрсэн юм алга. Одоогоор хувийн амьдралаа нэгдүгээрт тавьж чадахгүй.
-Хүний амьдралд цаг тутамд л сонголт тулгардаг. Гаргаж байсан шийдвэрүүдээс хамгийн их эргэлзсэн нь аль вэ?
-Би нэг охинтой. Охиноосоо холдох л хамгийн хэцүү байсан. Үр хүүхдээ өнчрүүлэх хэрэг байна уу, урлагаа хөөх үү, яах вэ гэж их бодсон. Миний салсан эхнэр намайг үнэндээ ойлгоогүй. Арга ч үгүй дээ, би “Чонын алтан шагай”, “Улаан эрэг”, “Улаан дөрвөлжин”, “Ану хатан” кинонд угсруулаад тоглосон. Энэ хугацаанд 340 хоног зураг авалттай байсны 60 хүрэхгүйд нь л гэртээ хоносон.
-Тэгвэл таны үзэл санаа, амьдралыг өөрчилсөн үйл явдал юу вэ?
-Би урьд нь хулигаан байсан. Намайг Дарханыхан Төмөрбаатарын хүү гэж мэдэхээсээ илүү, үргэлж архи уун зодоон хийж, хэрэг төвөгт орооцолддог гэдгээр нүдэлсэн. Гуравдугаар дамжаанд суралцаж байхдаа цэрэгт явсан минь миний амьдралыг өөрчилсөн. Хүссэндээ ч яваагүй юм. Гэмт хэрэгт холбогдож болзошгүй сахилгагүй этгээдүүдийг албадлагаар цэрэгт явуулдаг байсан юм. Хоёр цагдаа гавлаад явахад “Согтуудаа юу хийчихсэн юм бол доо” гэж их айсан шүү. Цэрэгт өөрөөс дээгүүр цолтой хүний өөдөөс үг хэлэх эрхгүй. 22 настай очоод 18 настай хүүхдээс шанаа авахад эвгүй л юм билээ. Тэнд очоод л хэн ч биш гэдгээ ойлгосон. Залууст цэрэгт яв гэж уриалмаар байна. Цэргийн диктатур гэдэг бол дарамт шахалт, тамлан зовоох асуудал биш. Цэргийн ёс горимоор бусдад захирагдаж, нэгнийхээ төлөө санаа нэгдэн зүтгэж, их юм сурна. Над шиг тэнэгүүдийг сургаж байх ёстой газар. Хамгийн их зодуулсан нь хамгийн сайн цэрэг болдог гэж үнэн юм билээ. Үхтэлээ нүдүүлж, цогцос хүртэл зөөж, түүнээсээ айн шөнө зүүдэлж байлаа. Газар хөлдүү байхад жорлонгийн нүх ухаад уйлж байснаа одоо ер мартдаггүй. Би үнэхээр их өөрчлөгдсөн, ихийг ч боддог болсон. Найман жил архины бараа хараагүй, тамхинаас гарсан.
-Өнгөрсөн амьдрал хэр чухал вэ?
-Алдаагаа давтахгүйн тулд өнгөрсөн амьдралаа эргэж харах ёстой. Гэхдээ миний өнгөрсөн амьдрал надад л хамаатай болохоос биш, бусдад падгүй. Миний хэн байсан нь биш, хэн болсон нь чухал. Тийм амьдрал туулсандаа би харамсдаггүй, харин ч бахархдаг. Хүнд хэцүү асуудал тулгарахад айж хулчийгаад, арагшаа ухраад байхааргүй болсон.
-Аавтайгаа өнгөрүүлсэн мөчүүдээс хамгийн нандин дурсамж юу байв?
-Хүүхэд насны дурсамж хамгийн тод үлддэг юм байна. Тавдугаар ангид байхад ээж “Чиний төрсөн эцэг энэ шүү” гээд аавтай танилцуулсан. Аав тэр үеийн сайд дарга нарын хүүхдүүд л өмсдөг 40 төгрөгийн гутал, цоо шинэ бор хослол, тор дүүрэн чихэр жимс өгсөн нь санаанаас гардаггүй. Өөрийгөө хоёр аавтай гэж боддог. Хойд эцэг намайг хайраар дутаагаагүй, надад гар хүрч байгаагүй ч амьдралын хатууг үзүүлсэнд баярладаг. Ээжтэй минь ханилж дөрвөн хүүхэдтэй болохдоо архи л их уусан даа. -Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн хүү зураач Саранхөхөөтэй ярилцахад “Тийм мундаг хүний хүү болсон нь миний хувьд аз завшаан. Гэхдээ нэр төрийг нь унагаачихгүй юмсан гэж шүдээ зууж зүтгээд байдаггүй” гэж байсан.
Та удмынхаа нэрийг өндөрт өргөхсөн гэж хичээдэг үү, эсвэл өөрийнхөөрөө л байдаг уу?
-Манай өвөөг монгол хүн бүр мэднэ. Түүний таван хүүхдийн нэг нь геологич, бусад нь балетмейстр, концертмейстр, жүжигчин гээд урлагийн мэргэжилтэй. Ийм хүмүүсийн нэр хүндийг унагахгүй юмсан гэж хичээлгүй яах вэ. Гэхдээ би өөрийн гэсэн амьдралтай. Энэ хүмүүсийн нэр төрийг гэхээсээ илүү өөрийгөө бодох ёстой. Жүжигчин болох гэж хичээж, зовлон жаргалыг нь үзээд л явна. Гэтэл хүмүүс “Төмөрбаатарын хүү, Цагааны Цэгмидийн ач, Төмөрхуягийн дүү юм чинь аргагүй шүү дээ” гэдэг. Анар гэх хүний нэр гардаггүй нь жаахан харамсалтай. Гэр бүлийнхнийхээ нэр төрийг сэвтээхгүйн тулд хүнд муугаа харуулахгүйг хичээнэ. “Энэ ч хөгийн араншинтай юм” гэж бодогдуулахгүйн тулд хүн бүртэй сайхан харилцах хэрэгтэй болно. Гэтэл энэ нь миний дотоод мөн чанарт нийцдэггүй. Би шударга зантай, нялцганаад байдаггүй. Тиймээс аавыгаа, өвөөгөө бодоод амаа хамхих тохиолдол олон. Хоромхон зуурын уураас болж 100 орчим жил олны бахархал болж яваа хүний нэр хүндийг унагаах эрх надад байхгүй.
-Гадна төрхөөрөө аавтайгаа их төстэй юм. Өөрөө хэлээгүй байхад “Төмөрбаатарын хүү биш биз” гэх зэргээр хүмүүс гадарладаг уу?
-Би “Ану хатан” кинонд Галдан хааны зүүн гарын жанжин Дугарт тоглосон. Үс сахлаа зүүчихээд морь унаад явж байтал жүжигчин Шар ах “Төмөрөө ах аа, хүүе” гээд хойноос дуудаад байсан. Тулж ирчихээд хүртэл танихгүй мэндэлж байна. Сахлаа авсны дараа “Би ёстой тэнэгтсэн байна” гээд инээгээд байсан. Автобусанд суугаад явахаар хуруугаараа зааж байгаад хоорондоо ярина, зарим нь мөн үү гэсэн шиг ойртож харна. Төмөрбаатар гуай мөн, биш гээд шивнэлдэх тохиолдол бий.
-“Улаан дөрвөлжин” кинонд архины цагаан солио туссан дуурийн дуучны дүрд тоглосон. Тэр үед “Хундаганы дуу” өөрөө дуулсан уу?
-Яг өөрөө дуулсан уу гэж олон хүн асуудаг. Би хүүхэд байхдаа “Урсгал” нэртэй поп хамтлагт дуулдаг байлаа. Киноны зураг авалтын үеэр санасандаа хүртэл дуулж чадаагүй. Уг нь 10 гаруй хоног бэлдсэн юм. Манайхны нэгний төрсөн өдөр гээд зургийн багийнхнаараа уусан юм. Маргааш нь шартаад дөрвүүлээ дахиад уучихсан. Архи гараагүй байтал гэнэт зураг авах болсон. Архи хүнийг их сульдааж, ядаргаанд оруулдаг учир тийм байдалтай тоглох их хэцүү. “Уйлъя гэхээр уйлж чадахгүй, дуулъя гээд дуулж чадахгүй” гээд найруулагчдаа их загнуулж байлаа.
-Тэр кинонд тоглоход сэтгэлзүйн хувьд хүнд байсан уу?
-Галзуучуудын эмнэлгийн тухай кино хийнэ гээд найруулагч жүжигчдийг эмнэлгээр дагуулж явсан. Бид сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Галзуу хүний дүрд тоглоно гээд галуурах шаардлагагүй. Гэхдээ зураг дууссаны дараа сэтгэлзүйн тэр хүнд байдлаасаа гарч байх ёстой. Уран бүтээлчид ч тэр стрессээ тайлахын тулд инээж, наргидаг. “Урлагийнхан гэж архичин, дарвалзсан юмнууд байдаг” гэж хүмүүс ярьдаг. Хүнд алуулж, алж, унтаж янз бүрээр тоглоно гэдэг амаргүй. “Улаан эрэг” киноны мангас Мягмарын дүрд тоглосон. Б.Ринчений “Мангаа Доогийн эцсийн зүүд” зохиолд гардаг шиг Мягмарын залхаан цээрлүүлсэн хүмүүс эцэст нь нүдэнд нь харагдаж, галзуурдаг тухай өгүүлдэг. Тэр хэсгийн зургийг тав хоног авсан. Дүрдээ орохын тулд зураг авсан гэртээ ганцаараа хонодог байлаа. Сүүлдээ өөрөө галзуурлын байдалд орж, үхдэлүүдэд түлхүүлж орноосоо унасан. “Хэцүү анги”-ийн Сүнжид багшийн дүрээр хүмүүсийн мэддэг М.Саранцэцэг эгч намайг тайвшруулж “Мэргэжлийн бус хүн кинонд тоглоно гэдэг хэцүү. Анхнаасаа бэлтгэлтэй байх ёстой. Энэ хэдтэйгээ ууж, сэтгэлд байгаагаа тайлж бай” гэсэн. Түүнээс хойш мэргэжлийн хичээлийг нь үзэх хэрэгтэй юм байна гэж бодож, СУИСд орсон. “Zaya’sh” студийн захирал, талийгаач Даваахүү ах, Саранцэцэг эгч, “Ноён солиот”-ын Бямбацогт ах надад их зааж, зөвлөдөг байлаа. Тэдэндээ их баярлаж явдаг.
-Таны сонссон хамгийн сайхан магтаал юу вэ?
-“Ану хатан”-ы зураг авалтын үеэр нэг өвгөн “Мягмар хаана байна вэ” гээд хайж ирсэн. Галданд тоглосон “Guys” хамтлагийн Мягмарыг асууж байна гэж бодтол над дээр ирээд нүдэнд оч бутартал алгадсан нь миний мэдэх хамгийн том магтаал. “Ах нь мангас Мягмар тааралдвал дарвайтал нь алгадна гэж боддог байсан юм. Санасандаа хүрлээ. Одоо манайд оч” гээд дайлж, хонь гаргаж өгсөн. Манай уран бүтээлчид “Чи тэр хүний дургүйг хүртэл жүжиглэж чадсан байна” гэсэн.
-Таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?
-Уран бүтээлийн хувьд мөрөөдөх зүйл байхгүй. Алдар нэр гэдэг хөдөлмөр, хичээл зүтгэлээс шалтгаалж дагаж ирдэг. Ийм, тийм алдар цуутай болохсон гэж зүтгэдэггүй. Хувийн амьдралын хувьд миний ажил мэргэжлийг ойлгодог, удам судрыг минь хүндэлдэг хүнтэй ханилж, үр хүүхэдтэй болж, сайхан амьдармаар байна. Тэр хүнээ ч олсон гэж боддог. Хэдийгээр найз охин минь 14 насаар дүү ч намайг дэндүү сайн ойлгодог.
-Таны охин “Улаан пальто” кинонд оролцон тоглосон. Цаашдаа охиноо жүжигчин болгох хүсэлтэй юү?
-Хэт баян, олон хэлтэй, эсвэл олон их сургууль төгссөн хүнийг манайхан элит гэж ойлгодог. Элит гэдэг үг Англиас үүсэлтэй, зургаан үеэрээ номын сантай хүмүүсийг хэлдэг юм билээ. Ном их уншдаг хүмүүс асар их мэдлэгтэй, боловсролтой байх нь ойлгомжтой. Монголд ховор ном цуглуулдаг хүмүүс байдаг ч нүүдэлчин удамтай учир тийм олон үеэрээ номын сантай байна гэж одоогоор үгүй. Зургаан үеэрээ дамжиж байж элит болно гэж бодсоны үндсэнд би удам судрынхаа нэр хүндэд завсар оруулахгүйн тулд энэ мэргэжлийг сонгосон. Охиноо, магадгүй хүүтэй болвол түүнийгээ жүжигчин болгоно. Тэднээс гарсан хүүхэд, тэднийх нь үр хүүхэд жүжигчин болвол манай гэр бүл урлагтаа л элит болно. Миний охин жүжигчин болно гэж ярьдаг. “Монгени” сургуулийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Жүжигчний дугуйланд тавдугаар ангиас нь элсүүлдэг юм билээ. Тэр нь ч зөв. Багадаа жүжигт тогловол сэтгэхүйд нь нөлөөлж, худлаа ярьдаг ч болох юм бил үү.
Б.ДӨЛГӨӨН