Хэрээ хүртэл эрлэгт данстай байдаг юм. Тийм ээ, хэрээ хүртэл шүү. Чи ямар нэгэн муу зүйл хийсэн бол үйлийн үрийнхээ төлөөсийг заавал төлөх болно... Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөөний намтар” жүжигт ийн гардаг. Бусдын сайн сайхны төлөө чин үнэнээсээ буян үйлдье гэсэн амирлангуй сэтгэл бол заавал чамаас тусламж гуйхыг нь хүлээгээд, тэгсэн тохиолдолд л биеллээ олдог аваа, өгөөний дэнс биш. Чи үнэхээр л буяны мөрөөр замнахыг хүсвэл хүн байтугай амьтдын төлөө хүртэл өөрийгөө золиосолж болдгийг Монголын анхны дуулалт жүжигт харуулдаг.
Хоёр зууны тэртээд Равжаа хутагт хүмүүний амьдралын мөн чанар, буян, нүглийн үйл хийгээд төгс гэгээрлийн тухай ямар гайхамшигтай уран яруугаар дүрслэн илэрхийлж байсныг өнгөрсөн амралтын өдрүүдэд УДЭТ-т зочилсон үзэгчид мэдэрлээ. Үндэсний сонгодог түүхэн жүжгүүдийн сор нь болсон “Саран хөхөө”-г 2004 оноос хойш тоглоогүй байж байгаад өнөө жил ийнхүү үзэгчдийн хүртээл болгосон юм. Аливаа тоглолт хүмүүст хэр таалагдаж буйг алга ташилтынх нь үнэн, худлаар мэдэж болдог. Жаахан дэгсдүүлж хэлэхэд уг жүжгийг шимтэн суугаа үзэгчид бүтэн гурван цагийг эвшээх ч завгүй өнгөрүүлсэн байх шүү. Хүмүүс театраас сэтгэл хангалуун гарахыг харах ямар сайхан билээ.
1832 онд анх тайзнаа амилж байсан “Саран хөхөөний намтар” жүжиг шашны үг хэллэг ихтэй, утга агуулга нь ч ерөнхийдөө тийм талдаа болохоор одоогоос арван жилийн өмнө өнөөгийн үзэгчдэд зориулж шинэчилсэн хувилбараар драмын театрт тоглож байв. “Саран хөхөө” нэртэй тэрхүү жүжиг 2004 оны “Гэгээн Муза” наадмаас дөрвөн цом хүртэж, шилдгийн шилдэг бүтээлээр шалгарч байсан түүхтэй. МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой эх зохиолыг шинэчилж, ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулан, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров хөгжмийг нь зохиосон, өнөө цагийн аваргууд гол болон туслах дүрд нь тоглосон гээд орчин үеийн “Саран хөхөө”-д онцлох зүйл их. “Театр бол эх хэлний тусгаар тогтнолыг сахин хамгаалдаг харуул манаа нь байдаг” хэмээн ардын жүжигчин П.Цэрэндагва зүгээр ч нэг хэлээгүйг уг жүжгийг үзээд илүүтэй ойлгов. “Саран хөхөө” жүжгийн шүлэг найраг, уран дүрслэл, адилтгал, зүйрлэлүүд тэр чигээрээ баялаг монгол хэлний минь эрдэнэсийн сан хөмрөгийг тайзнаа сул асгах шиг санагдсан. Тэдгээр эрдэнэсийн дотор бидэн шиг залуусын урьд нь огт “харж” байгаагүй, эсвэл бүүр түүрхэн мэддэг, заримыг нь танихаа болиод удаж буй олон янзын үгс байв. Учиргүй шашны номоор яриад байгаа юм үгүй хэрнээ л зарим үг нь бидэнд үнэхээр хол болжээ. Эртний монгол хэлний яруу тансаг өв соёл жүжигчдээс хүртэл хэл ярианы онцгой чадвар шаардаж, бяцхан “шалгалт” авчих шиг болсон.
“Саран хөхөө”-д эртний Варнаси хотын Гулиранс хааны хан хөвгүүн Номуунбаясгаланг муу санаат түшмэл Лагана нь уруу татан, сүнс юүлэх увдист хамт суралцана. Хорон санаат Сурасадин хатны заавраар Лагана ханхүүтэй нэгэн өдөр ойд явж байгаад, дөнгөж үхсэн хөхөөний биед хувилан орж “Их мөрөн чинад талын ойд очъё” хэмээнэ. Лагана тэндээс сэм нууцаар буцан ирж, өөрийнхөө биеийг усанд хаяад, хан хөвгүүний биенд орж, хуурамч Номуунбаясгалан болоод ордонд очиж хүсээд байсан эрх ямбаа эдлэвч үүрд сэтгэлийн тамд унана. Харин хан хөвгүүнд буцаад хүн болох боломж гарсан ч тэрбээр хөхөө хэвээрээ үлдэж, олон амьтдыг буян номын мөрөөр замнуулж, гэгээрэлд хүрэхэд нь туслах замыг сонгож буй тухай жүжигт өгүүлдэг. “Саран хөхөө”-д дүрслэгдэж буй хөхөө бол гэм хоргүй сайхан сэтгэлээсээ болж бусдад хорлогдон хайртай бүхнээ алдаж буй эмгэнэлт дүр мэт боловч үзэгчдийн сэтгэлд тийм ч их харуусал төрүүлээгүй нь цаанаа учиртай биз. Аливаа зүйлийн зорилго зөв, гэгээн зүгт тэмүүлж байвал туулах зам нь хэчнээн бартаатай байсан ч үр дүн нь ямагт эерэг байдгийн илрэл энэ гэлтэй.
Л.ГАНЧИМЭГ