Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэртэй холбоотойгоор хуульчид эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа. Энэ талаар хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич С.Нарангэрэлийн байр суурийг хүргэж байна.
С.НАРАНГЭРЭЛ (Академич):
-Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-нд Үндсэн хуульд 2019 онд оруулсан зарим нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргасан. Одоо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар маргах, элдвээр хэлэх эрх хэн нэгэн албан тушаалтан, эгэл жирийн иргэд бидэнд байхгүй. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болчихсон. Засах, эсвэл өөрчлөх боломжгүй. Үндсэн хуулийн цэц гэдэг бол Үндсэн хуулийн эрх зүйн маргааны асуудлаар мэргэшсэн, дагнасан шүүх. Шүүх эцсийнхээ шийдвэрийг гаргачихсан. Одоо Үндсэн хуулийн цэцийн тогтоолын дагуу хүчингүй болсон заалтыг засах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага УИХ, хууль тогтоогчдын өмнө тулгарч байна. Эрдэмтэн, судлаачийн байр сууринаас холбогдох хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үүднээс харвал УИХ-д хоёр шийдэл бий. Үндсэн хуульд заавал гар хүрэхгүйгээр холбогдох хууль, тэр дундаа УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад асуудлыг шийдэх арга зам бий. Энэ бол нэгдүгээр арга зам. Гэтэл ийм боломжгүй. Заавал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Цэцийн шийдвэр өөрөө УИХ-ыг Үндсэн хуульд өөрчлөлт хийх гарцаагүй байдал руу оруулчихсан. Хамгийн гол асуудал бол 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэх заалтыг хүчингүй болгочихлоо. Заалт хүчингүй болсноор Засгийн газрын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүсчихсэн. Энэ орон зайг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж хүчин төгөлдөр болгох ёстой. Маш онцгой нөхцөл байдал үүссэн. Тиймээс УИХ-ын гишүүдийн санаачилгаар биш, Үндсэн хуулийн цэцийн эцэслэн гаргасан, хэн ч засаж, залруулах аргагүй болсон тэр шийдвэрийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл байдал Монголын нийгэм, хууль тогтоогчдод тулгарсан. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаараа гаргасан дүгнэлт, үндэслэлийг шинжлэн, нэгтгэн дүгнээд хэлэхэд, Үндсэн хуулийн удиртгал хэсгийг зөрчсөн байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрдугаарт хэсэгт “Ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэсэн энэ заалт зөрчигдсөн гэж Цэц дүгнэсэн. Дараа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаалыг хавсарч болохгүй” гэсэн заалттай зөрчилдөж байна. Хамгийн сүүлд нь Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нийцсэн байвал зохино” гэх заалт зөрчигдсөн. Энэ л Цэцийн гаргасан гол дүгнэлт.