Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн V их хурал Улаанбаатарт болов. Манай улс тус нийгэмлэгийг 2021-2023 онд удирдан ажиллаж буй. Уг хуралд тус нийгэмлэгийн гишүүнчлэлтэй 20 орчим улсын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч, ерөнхий шүүгч зэрэг 30 гаруй төлөөлөгч танхимаар болон цахимаар оролцлоо. Хурлын үеэр “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн чиг хандлага” ерөнхий сэдвийн хүрээнд ардчилал, түүний үнэт зүйлс, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх үүрэг болон Үндсэн хуулийн хяналтыг сайжруулах, шинэчлэх талаарх туршлагыг хөндсөн илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэв.
Хуралдааныг хааж Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Чинбат үг хэлсэн. Их хурлаас Улаанбаатарын тунхаглалыг баталж, “Харилцан итгэлцэл-хамтын хүчин чармайлт-хамтын үр дүн” уриа дэвшүүлэв.
Бэлтгэсэн У.Наран