Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ манай улсад нам орбитын хиймэл дагуулд суурилсан интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж буй “Старлинк” компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захиралтай өнгөрсөн зургадугаар сард цахимаар холбогдож, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсоноо мэдээлж байв. Тэгвэл талууд өчигдөр хоёр дахь удаагаа цахимаар хуралджээ. Энэхүү “уулзалтад” “Старлинк”-ийн толгой компани “SpaceX”-ийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл болон Илон Маскийн багийнхан оролцжээ. Тэд шинэ технологид суурилсан интернэт үйлчилгээ нэвтрүүлэх ажлаас гадна “Solarcity”, “Hyperpool” зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан гэнэ. Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулж, энэ асуудлаар дахин хуралдахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Н.Буян