АНУ-ын Индиана муж улс дахь Монгол, Төвөдийн буддист соёлын төв хийдийн хамба лам, “Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэн өнгөрсөн долоо хоногт Монголд иржээ. Тэрбээр өөрийн санаачилга, хөрөнгө, сүсэгтэн олны хандив, тусламжаар байгуулж буй “Ахмадын хөгжлийн ордон”-ы нээлтэд оролцохоор ирсэн байна.
Ажиа гэгээнтэн 2006 оноос эхлэн Монголд сайн үйлс, хүмүүнлэгийн ажлууд хийж эхэлсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг байгуулсан нь өдгөө ч үйл ажиллагаа явуулж буй. Мөн сурах хүсэл эрмэлзэлтэй залуусыг дэмжих зорилготой “Зөв” тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Харин хамгийн сүүлд санаачилсан ажил нь ахмад настнуудад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэх зорилгоор хөгжлийн ордон байгуулах байв. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Архивын ерөнхий газрын урд байгуулж буй“Ахмадын хөгжлийн ордон”-ы барилгын ажил дууссан бөгөөд өдгөө дотоод засал, тохижилт үргэлжилж байгаа аж.
Тэрбээр мөн эрүүл мэндийн салбарынхныг урамшуулах зорилгоор “Энэрэхүйн элч” нэрэмжит шагналаа эмч, мэргэжилтнүүдэд олгодог. Өнөө жилийнхийг өнгөрсөн баасан гарагт тохиосон эрүүл мэндийн ажилчдын өдрөөр ЭХЭМҮТ-ийн гурван эмч, сувилагчид гардуулжээ.
Бэлтгэсэн Н.Буян