Ургац хураалтын явцын мэдээг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Энэ жил өмнөх оныхоос 19.4 мянган тонн буюу 19 хувиар илүү хэмжээний хүнсний ногоо хураан авсан байна. Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар үр тариа 262.4, төмс 95.2, хүнсний ногоо 121.4 мянган тонныг хураажээ. Түүнчлэн таримал тэжээл 65.2, хадлан 403.7, гар тэжээл найман мянган тонныг бэлтгэсэн аж. Эдгээрийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад хураасан үр тариа 4.2, хүнсний ногоо 19, таримал тэжээл 20.9, бэлтгэсэн хадлан 23.1 хувиар өссөн юм байна. Мөн хураасан төмс 15.5, гар тэжээл 5.5 хувиар нэмэгдсэн гэнэ.
Хураасан үр тариаг өмнөх оныхтой харьцуулахад 200.1 мянган тонн буюу 4.2 дахин өсөхөд тариалан эрхлэлт нэмэгдсэн, цаг агаар эрт хүйтрэх төлөвтэй байгаа учраас ургац хураалтын ажлыг эрт эхлүүлсэн зэрэг нь нөлөөлсөн гэж дээрх байгууллагаас дүгнэжээ.
Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийнхан нийт үр тарианы 3.3-52.4 хувийг хураан авчээ. Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймгийн тариачид төмснийхөө 3-38.4 хувийг хураасан гэв. Увс, Дархан-Уул, Ховд, Төв, Сэлэнгэ аймгийнхан хүнсний ногооныхоо 2.2-50.9 хувийг бүрдүүлсэн аж. Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Увс, Төв аймгийн тариаланчид таримал тэжээлийн 7.8-30.2 хувийг хураасан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 286.9 мянган га талбайг ирэх жилийн тариалалтад бэлтгэсэн гэж мэдээлжээ. Энэ нь өмнөх оныхоос 8.3 мянган га буюу гурван хувиар өссөн үзүүлэлт юм.
А.ҮҮЛ