- Шинэ бүтцэд нь багтсан 145 хүний 38 нь дарга гэв үү -
Хөгжлийн банк буюу хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжих үндсэн үйл ажиллагаатай санхүүгийн байгууллагууд улс төрийн нөлөөллөөс ангид байж чадаагүйгээс үр ашиггүй зээл их хэмжээгээр олгож, алдагдал, хяналтгүй байдал, дампууралд хүрсэн жишээ дэлхийн түүхэнд цөөнгүй. Харин оновчтой бодлого, шийдвэртэй арга хэмжээ, хууль, эрх зүйн дорвитой шинэчлэлээр энэ эгзэгтэй, хүнд нөхцөл байдлаас гарч, хөгжлийг хөдөлгөгч төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндсэн чиг үүргээ биелүүлж чадсан нь хуруу дарам цөөн аж.
Мөнгө хаана байна, тэнд улс төр, эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлын нөлөө сүүдэр шиг дагалддаг учраас санхүүгийн байгууллагын экосистемийг энэ бүхнээс ангид, хараат бус байлгана гэдэг хэзээд амаргүй сорилт байжээ. Эл сорилтын өмнө бүдчиж ойчсон нь олон, харин эрс шинэчлэлээр алдаа дутагдлаа засаж, зөв голдиролд оруулсан нь ховор. Манай улсын Хөгжлийн банк яг одоо ийм салаа замын уулзварт “зогсож” байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэрс, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр (нийт зээлийн 55.7 хувь нь чанаргүй ангилалд багтсан)-ийн мэдээлэл ил болсон 2022 оны үед монголчууд яаж унтууцаж, эрх баригчид түүнд нь дөрөөлөн хэрхэн “тоглолт” хийж байлаа. “Банкны засаглал, удирдлага, хяналтын тогтолцоо, үйл ажиллагааны зарчмыг хуугаар нь өөрчилж шинэчилнэ”, “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хүмүүс, чанаргүй зээлдэгчдэд хатуу хариуцлага тооцно” гэхчлэн уур унтууд автсан олны амыг дагуулан сонсохыг хүссэн “сайхан” зүйлсийг нь ярьж байсан юм. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэлх хугацаанд үр дүнтэй, бодитой гэж хэлж болохуйц өөрчлөлт, шинэчлэл огт хийсэнгүй, үүний төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Уг нь хийж бүтээе, өөрчилж шинэчилье гэж зорьсон хүнд бол гурван жил гэдэг ихийг амжуулах, наанадаж зөв бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх суурийг тавих, хууль, эрх зүйн орчноо сайжруулахад хангалттай хугацаа. Харин манай засаг төр энэ цаг хугацааг үр дүнтэй ашиглаж, алдаа дутагдлаа засаж залруулсангүй, дороо хий эргэсээр өдий хүрлээ.
Өнгөрсөн гурван жилд юу хийсэн бэ гэвэл сурсан дадсан арга барилаараа тус банкны удирдлагыг улс төрийн томилгоогоор хэдэнтээ солив. Их хэмжээний алдагдалтай, үйл ажиллагаа нь доголдоход хүрсэн гэчхээд л бүтэц бүрэлдэхүүнийг нь улам өргөжүүлж, данхайлгалаа. Хөгжлийн банкны шинэ бүтцэд багтсан 145 хүний 38 нь захирал, дарга буюу дөрвөн хүн тутмын нэг нь удирдах албан тушаал хашиж байгааг нэр бүхий сэтгүүлч өнгөрсөн оны сүүлчээр зарласан. Үүнийг цогц шинэчлэл гэх үү. Ийм данхар бүтцийг хумихаас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хийх реформыг эхлүүлэх ёстой биш бил үү. Тэр тусмаа санхүүгийн хүндрэлд орсон байгууллагад ийм олон дарга хэрэгтэй юү
Энэ банк байгуулагдсан цагаасаа улс төрчид, картелууд, бизнесийн элитүүдийн мэдэлд л байсан, төр түүнийг зөвхөн наймаа, найрааны зорилгоор ашигладаг гэдэг олны үг ортойг өнгөрсөн оны сонгуулийн дараах томилгоо батлав. УИХ-ын гишүүн асан, ес дэх удаагийн парламентын сонгуульд тойроггүй торойж хоцорсон З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон нь санамсаргүй тохиол, эс бөгөөс тус байгууллагын ирээдүйг бодсон шийдвэр биш, хамтарсан гэх тодотголтой “найрааны” Засгийн газрын тохиролцоо, дэнчин байсан юм. Энэ нь Хөгжлийн банк эрх баригчдын хувьд өнөө ч эрх ашиг, албан тушаалын бялуу, “бэлгийн морь” төдий үнэ цэн, байр суурьтайг илтгэж буй юм. Нөгөөтээгүүр, сүүлийн жилүүдэд олонхоор засагласан МАН туйлд нь хүртэл доройтуулсан, хамгийн асуудалтай, хүнд салбаруудаа өөрсдөөсөө зай¬луулах бодлого баримталсан нь ч мэдээж. Ямар сайндаа л “Хөгжлийн банкны удирдлагын багаас мэргэжлийнхэн шахагдаж, АН-ынхнаар дүүрлээ” гэсэн шүүмжлэл гарах вэ дээ. Ийм байхад Засгийн газар Хөгжлийн банканд цогц шинэчлэл хийж чадах уу, парламентын гишүүд хууль, эрх зүйн орчныг нь сайжруулахын төлөө хичээл зүтгэл гаргах уу, санаа тавих уу.
Одоогоос 14 жилийн өмнө баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хоёр дахь удаагаа шинэчлэн найруулж, өдгөө өргөн барихаар зэхэж буй. Эл хуулиар бодлогын томоохон гэж хэлэхүйц хоёр өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаагаа төсөл боловсруулагчид нь онцолсон. Нэгдүгээрт, Хөгжлийн банкийг цаашид Эксим буюу экспорт, импортын банкны зарчмаар үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэх, хоёрдугаарт, улс төрөөс хараат бусаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, зээл олгох, бодлого, шийдвэр гаргах боломж олгохыг зорьж буй гэх. Тус банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Ямар төсөл, хөтөлбөрт зээл олгохыг өнгөрсөн хугацаанд Засгийн газар шийддэг, ТУЗ-ийн гишүүд нь улс төрийн томилгоогоор ирдэг байсан. Хуульд өөрчлөлт оруулснаар Засгийн газар ямар салбар, чиглэлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ерөнхий бодлогыг тодорхойлж, ТУЗ хяналтаа тавьж, гүйцэтгэх удирдлага санхүүжилтийн бодлогод үндэслэн зээл олгож, хяналт, хариуцлагаа хэрэгжүүлнэ. ТУЗ-ийн есөн гишүүний хоёрыг нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас бодлогоор томилж, бусдыг нь нээлттэйгээр сонгон шалгаруулна” хэмээсэн. Өмнө нь ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчид нээлттэйгээр сонгон шалгаруулж, гурван жилийн хугацаатай томилдог байсан Хөгжлийн банк улс төрийн наймаанаас ангижрах ирээдүй алга бол шинэчилсэн найруулгын төсөлд хоёрыг нь дээрх яамнаас шууд томилж, гурвыг нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хяналт, хэрэгжилт хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас, дөрвийг нь хараат бус гишүүний статустайгаар сонгон шалгаруулахаар тусгажээ. Есөн гишүүний дөрөв нь хараат бус, тав нь төрийн төлөөлөл байна гэсэн үг. Түүнчлэн банкны гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтад үндэслэн Засгийн газар зургаан жилийн хугацаатай томилохоор заажээ. Банкны удирдлагыг томилох, хэрэгжүүлэхтэй холбоотой хэсгийг нь харахад л уг шинэчилсэн найруулгын төслөөр төрийн оролцоог улам бататгаж, илүү тодорхой болгосон уу гэхээс хязгаарласан гэж харагдахгүй буй юм. Төр хувьцааг нь эзэмшдэг, Засгийн газар гүйцэтгэх удирдлагыг нь томилж, ямар салбарын төсөл, хөтөлбөрт санхүүжилт олгохыг бодлогоор шийддэг, ТУЗ-ийн гишүүдийн талаас илүү нь төрийг төлөөлж буй нөхцөлд Хөгжлийн банк улс төрийн хүлээснээс салах уу, засаглалын хувьд одоогийнхоос дээрдэх үү гэдэг нь эргэлзээтэй. Ийм тохиолдолд үйл ажиллагааны чиглэл, зарчмыг нь өөрчлөөд ч нэмэргүй. Төр хувьцаа эзэмшигчийн хувиар эрхээ хамгаалуулах нэрээр төлөөллөө томилсоор, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлогыг тодорхойлох нэрийн дор өдөр тутмынх нь үйл ажиллагаанд “хошуу дүрсээр” л байна гэсэн үг. Хуулийн төсөлтэй танилцсан эдийн засагчид ч “Итгэл үнэмшил төрөхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлж буй. Тус банкны бодлого, үйл ажиллагааны зарчмыг шинэчилнэ, цогц реформ хийнэ гэж хий хоосон сүржигнэхээс илүү төрийн нөлөөллийг хязгаарлах чиглэлд шат шатандаа нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрч, түүнийгээ хууль, эрх зүйн орчинд баталгаажуулах нь энэ цаг үед хамгийн чухал гэдгийг ч судлаачид хэлэх болсон. Харин манай төр засаг нөлөөллийн “эрх мэдэл”-ээ тийм ч амар “тавьж явуулахгүй” нь бололтой.
Хөгжлийн банкийг улс төрийн нөлөөлөл, эрх ашгаас ангид байлгах талаар байгуулагдсан цагаас нь эхлээд ярьсан юм билээ. Одоо мөрдөж буй хуульд нь ч банкны үйл ажиллагаанд ашигтай, хараат бус, ил тод, хариуцлагатай, хөндлөнгийн хяналттай байх зарчим баримтална гэж заасан байдаг. Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулж, батлахдаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах гэж тодорхойлсон юм билээ. Тэгэхээр өдгөө яригдаж буй реформын шинжтэй гэх өөрчлөлт, шинэчлэлийн суурь нь хууль, эрх зүйн орчинд тодорхой хэмжээнд тавигдсан, ямар нэг байдлаар тусгалаа олсон гэсэн үг. Гагцхүү хөрсөн дээр буулгаж, хэрэгжүүлж л чадаагүй. Гол шалтгаан нь улс төрийн нөлөө, эрх ашиг давамгайлсантай холбоотой. Засгийн газар банкны үйл ажиллагаанд хэт оролцсон нь хяналт сулрах эрсдэл үүсгэсэн.
Дампуурлын ирмэгт очсон ч сайн засаглал, зөв бодлогын нөлөөгөөр үйл ажиллагаагаа сэргээж, олон улсын зээлжих зэрэглэлтэй болсон Өмнөд Солонгосын Хөгжлийн банк (KDB)-ны амжилтын гол нууц нь банкны удирдлагыг мэргэжлийн түвшинд шинэчилж, улс төрөөс хараат бус, үр ашигт суурилсан үнэлгээний тогтолцоо нэвтрүүлснийх гэж үздэг юм билээ. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэх хөрс нь мэдээж хууль, эрх зүйн орчин. Харин манайх хуулийн шинэч¬ лэлээр хөрсөө бэлдэж чадах болов уу.
Н.Мишээл