Дэлхийн алдартай хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет ийм нэг үнэ цэнтэй зөвлөгөөг манай улсын удирдагч, эрх баригчдад өглөө. АНУ-ын Небраска мужийн Омаха хотод өнгөрсөн амралтын өдөр болсон “Berkshire hathaway” компанийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн хурлын үеэр монгол залуусын төлөөлөл түүнд “Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Монголын Засгийн газар юу хийх ёстой вэ” гэсэн асуулт тавихад “Валютын ханшийг урт хугацаанд тогтвортой байлгаж, үнэ цэн бий болгох нь чухал. Өндөр инфляцтай, валютын ханш тогтворгүй улсад хэн ч хөрөнгө оруулж, эрсдэл хүлээхгүй. Бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, валютын ханшийг тогтворжуулахад анхаарах нь олон талын үр өгөөжтэй” гэж хариулсан байна. Алдарт хөрөнгө оруулагчийн энэ зөвлөгөө санхүүгийн зах зээл, мөнгөний бодлогыг удирдан зохицуулахад гол үүрэгтэй Засгийн газар, Төвбанканд хаягласан томоохон сануулга болов. Манай улсад сүүлийн жилүүдэд төгрөгийн ханш тасралтгүй унаж, иргэдийн худалдан авах чадвар эрс доошилсон. Монголын төр инфляцыг тогтвортой түвшинд барьж, үндэсний валют буюу төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, дархлааг сайжруулах үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар гэхэд Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3570, хар захынх 3600 төгрөгт хүрээд байна. Засгийн газар, Төвбанк цаашид төгрөгт ирэх ханшийн дарамтыг сааруулах, гадаад валютын нөөц бүрдүүлэх чиглэлээр бодитой, үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол Монгол гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлтэй, “сонирхолгүй” зах зээлд тооцогдсоор байх нь. Ташрамд дурдахад, “Berkshire hathaway” компанийн энэ жилийн хуралд 40 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Уоррен Баффет оны эцэст гүйцэтгэх захирлын албан тушаалаайсаа буухаа албан ёсоор мэдэгджээ.
Ж.Энх