Хүүхдүүдийн дунд хоолой боож, гэдэс гүйлгэдэг ханиад, томуу элбэгшиж, эмнэлгүүд ачаалалтай байна гэх мэдээллийг манай редакцад ирүүлсэн юм. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүүхдийн мэргэжилтэн Д.Бямбадалайгаас тодруулахад “Нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 60-70 хувьтай байна. 10-аас дээш насны хүүхдүүдийн дунд хоолой, залгиур, харшлын гаралтай тууралт, вирусийн гаралтай суулгалт өвчин зонхилж буй юм. Тандалт, судалгааны мэдээллээс харахад дүүргүүдийн эмнэлэгт нийт 350-400 орчим хүүхэд амьсгалын замын өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна” гэв. Урин дулааны улиралд эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал бага байдаг бөгөөд нийт орны 30 орчим хувийг ханиад, томууны улмаас хэвтэн эмчлүүлж буй багачууд эзэлдэг аж.