Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг энэ сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.
Тодруулбал, ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа тэргүүтэй зөвлөлийн шийдвэрийн дагуу тус алсын дуудлагын баг бүрэлдэхүүн Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.Наранбаатар, мэдээгүйжүүлэгийн эмч Э.Алтанхуяг, мэдээгүйжүүлэгийн сувилагч Н.Наранбаатар, мэс заслын сувилагч Д.Дэлгэрмаа, асрагч н.Отгонсүрэн нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж буй бөгөөд орон нутгийн замд авто ослоос урьдчилан сэргийлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюул эрсдлийг тооцож зорчихыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЭМЯ