Улсын хэмжээнд өнгөрсөн онд сүрьеэгийн 2357 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний 1429 нь эрэгтэй, 928 нь эмэгтэй, 160 нь хүүхэд аж. 10 000 хүн амд ногдох шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин сүүлийн жилүүдэд улс, аймаг, нийслэлд тогтмол буурч буйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 2018-2023 онд нийт 6956 өвчтөнийг эмчилсэн байна. Гэвч манай улс сүрьеэгийн өвчлөл өндөр улсын тоонд орсон хэвээр буй гэнэ. Энэ өвчнөөр жилд 200 гаруй хүн нас бардаг аж. Өнгөрсөн онд сүрьеэтэй өвчтөний гэр бүлийн 600 гаруй хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулжээ.
Энэ нь өмнөх онуудынхаас 3-4 дахин өссөн үзүүлэлт аж. Үүнийг Халдварт өвчин судлалын үндэсний төв БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран 2020-2023 оны хооронд Улаанбаатар хотод “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлсний үр дүн хэмээн албаныхан тайлбарлаж байна. Тэгвэл төслийг үргэлжлүүлэн 2026 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд талууд өчигдөр гарын үсэг зурсан юм. Энэ удаагийн төслөөр Налайх, Багануур дүүргийн хүн амыг үзлэг, шинжилгээнд хамруулах аж. Мөн өмнөх төслийн хүрээнд сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лаборатори болон Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нэвтрүүлжээ. Харин энэ удаа үлдсэн дөрвөн дүүрэгт дээрх шинжилгээний аргыг нэвтрүүлэх гэнэ.