Манай улсад энэ оны таван сард 12 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Эдгээрээс тал хувь буюу зургаан тохиолдлыг өнгөрсөн сард илрүүлсэн нь нэлээд өндөрт тооцогдож байна. Үүний өмнөх буюу дөрөвдүгээр сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсныг тогтоож байсан аж. Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан нийт хүний тоо одоогоор 380-д хүрчээ. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4309 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 25.5 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчинд тэмбүү 44.2, заг хүйтэн 32.9, трихомониаз 22.6 хувийг эзэлжээ. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 70 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ. Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотод тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байна.
Бэлтгэсэн М.Оч