Засвар хийхийн өмнө болон дараа нь
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн цэвэр ус түгээх системийг бүрэн шинэчилжээ. 1982 онд ашиглалтад оруулсан ХСҮТ-ийн барилгын ус хангамжийн систем нь зэвэрч муудан тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх болоод байжээ. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжүүлсэн, 217.1 мянган ам.долларын өртөг бүхий уг төслийн хүрээнд тус эмнэлгийн 10 блок барилгын 20 000 ам метр талбайтай, цэвэр усны 9000 м урт шугам сүлжээг иж бүрэн шинэчлэн сольсон байна. Эмчилгээний дийлэнх хувийг нь мэс засал эзэлдэг тус эмнэлгийн хувьд хагалгааны шархны ариун байдал, эдгэрэлтээс эхлээд мэс заслын багаж хэрэгслийн угаалга, ариутгал, дархлаа дарангуйлагдсан хавдартай өвчтөнүүдийн эмчилгээ, үйлчилгээнд баталгаатай цэвэр усны гүйцэтгэх үүрэг маш чухал аж. Өчигдөр болсон арга хэмжээний үеэр эмнэлгийн хамт олон ийнхүү онцолсон юм.
Ташрамд дурдахад, анх 2000 онд “Өвсний үндэс” хөтөлбөрийн дэмжлэгээр анх ХСҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн бол дараа нь борооны ус гоождог дээврийг бүрэн зассан юм.
Бэлтгэсэн Ч.Туяа