НҮБ-ын ЮНЕСКО-гийн 2015 оны 11 сарын Ерөнхий бага хурлын XXXVIII Чуулганы тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн оюутны спортын өдөр” хэмээн тунхаглан зарлаж, олон улсад тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), тухайн орны гишүүн холбоод, Засгийн газрын байгууллагууд, ИДС-иуд хамтран 2016 оноос эхлэн энэ өдрөөр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна.
Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) 2016 онд Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион, 7 орны баг тамирчдыг оролцуулсан бол, 2017 онд “Сайн дурын оюутны форум” хийгдэн, 2018 онд “ИДС-ийн багш нарын спортын хэлэлцүүлэг” болж, 2019 онд Универсиадын хичээл, спортын шинэ төрлийн үзүүлэх тоглолтыг явуулан, 2020 онд “Бид хамтдаа” уриан дор “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг ҮЦХ-д хийн, 2021 онд "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮБТДС-тай хамтран зохион байгуулж, 2022 онд Монголын оюутны спортын V наадмыг явуулан, Ковидын цар тахлын үе байсан ч сургуулиуд өөрсдийн боломжит хэлбэрээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулсан юм.
Харин 2023 оны “Дэлхийн оюутны спортын өдөр”-өөр МОСХ нь ШУТИС-тай хамтран 09 дүгээр сарын 19-20-нд “Оюутны Универсиадын хичээл”-ийг цуврал хэлбэрээр ШУТИС-ийн 1 байрны хурлын танхимд 2 өдөрт хуваан явуулж, 500 орчим оюутан, багш нарыг энэхүү хичээл, уулзалт, ярилцлагад хамруулан оролцуулаа.
"Универсиадын хичээл"-ийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан удирдан явуулж МОСХ-ны үйл ажиллагаа, зорилтын тухай болон "Олон улсын оюутны спортын холбоо"-ны тухай сэдвүүдээр лекцийг уншив. Энэ хүрээнд ОУОСХ хэзээ байгуулагдсан, ямар спортын ба боловсролын үйл ажиллагааг 1949 оноос хойш явуулж байгаа зэрэг олон сонирхолтой асуудлыг хөндөн ярилаа. Мөн МОСХ-ноос үндэсний болон олон улсын хэмжээнд ямар үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тухай ярьсан юм. Доктор Д.Жаргалсайхан нь оюутны спортын чиглэлээр бие даан 4 номыг хэвлүүлэн гаргасан ба энэ хүрээнд асуулт, хариулт тавьж, амжилттай оролцсон оюутан, багш нарт номын дээжээс дурсгал болгон гардуулан өгсөн билээ.
МОСХ-ны Гүйцэтгэх Захирал, ОУХМ Ч.Эрдэнэтуяа нь "Дэлхийн Универсиад наадмын тухай ба Монголын баг тамирчдыг Чендүгийн 2023 оны Универсиадад хэрхэн бэлтгэн оролцуулсан тухай" мэдээллийг хийв. Энэхүү арга хэмжээнүүдэд ШУТИС-ийн БТС-ын тэнхимийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, олон улсын шүүгч Б.Ганзориг, доктор, багш М.Бат-Очир нарын зэрэг ШУТИС-ийн тэнхимийн багш нар болон тус сургуулийн нэгдүгээр дамжааны төрөл бүрийн инженерийн мэргэжлийн чиглэлээр элсэн суралцаж буй оюутнууд хамрагдан оролцлоо. Энэхүү цуврал “Универсиадын хичээл”-үүд нь оюутны спортын үзэл санааг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, оюутны спортын талаар өргөн мэдлэг, боловсролтой болгох чиглэлээр чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
МОСХ-ноос төвлөрүүлэн явуулсан дээрх ажлаас гадна Монгол Улсын олон их, дээд сургууль нь байгууллага дээрээ төрөл бүрийн спортын арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулав. МУИС-ийн Биеийн тамирын тэнхимээс сургуулийн намрын спартикиадаа эхлүүлсэн ба Оюутны Универсиадын болон оюутны УАШТ-ий аварга, ОУХМ П. Батзаяа, спортын мастер Ц. Ууганжаргал дасгалжуулагчтай, ОУХМ, оюутан Т.Хангал ахлагчтай МУИС-ийн волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчидтай 600 гаруй оюутныг уулзуулах хүндэтгэлийн арга хэмжээг хичээлийн 4-р байрны спорт зааланд дэлхийн тэмдэглэлт энэхүү өдрөөр зохион явууллаа. Тус уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр оюутнууд шигшээ багийн шилдэг тамирчидтайгаа танилцан, тэдний түүхэн амжилтын талаар сонсон, хичээлдээ сайн сурахын хажуугаар хэрхэн спортоор хичээллэн цаг заваа зохицуулж амжилттай сурч байгаа зэрэг талаараа сонирхсон асуултандаа хариулт авч, “Шонхорууд” волейболын шигшээ багийн тамирчиддаа улам их спортын өндөр амжилтыг хүслээ.
Харин Үндэсний БТДС нь Дэлхийн оюутны спортын өдрөөр оюутнууддаа 6, 500 м.кв талбайтай, 6-н спортын заал бүхий шинэ “Спортын цогцолбор”-ын барилгын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж, жүдо, таеквондогийн зааланд шинэ спортын хэрэглэл, материалыг байрлуулан тохижилтын ажлыг явууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотноо 2023 оны 09 дүгээр сарын 15-17-нд зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах Аэробик гимнастикийн тэмцээнээс алтан медаль хүртсэн ҮБТДС-ийн баг тамирчдыг хүлээн авч уулзан, урамшуулал олгон, амжилт хүсчээ.
Энэ мэтчилэн Монгол Улсын олон их, дээд сургуулиуд дээр спортын наадам, тэмцээн, өдөрлөгийг явуулан, эрдэм шинжилгээний хурал, ярилцлага, уулзалт, зэрэг боловсролын арга хэмжээнүүдийг хийлээ. МОСХ болон ИДС-ийн удирдлага, оюутан, багш нар нь ийнхүү зохион байгуулсан арга хэмжээний тухай МҮОНРТ, Ийгл телевиз, олон арван сошиал сүлжээн дээр авахуулсан зураг, мэдээллийг тавьсан байна. Түүнчлэн #LetsIDUS хаштаг ашиглан үндэсний хэмжээний олон нийтийн сошиал сүлжээнд олон мэдээ тавьж, олон улсад цахим орчинд түгээн ОУОСХ, Азийн оюутны спортын холбооны вэб сайт, фэйсбүүк, твиттер хуудсан дээр англи болон Монгол хэлээр бичин оруулж, Дэлхийн оюутны спортын өдрөөр явуулсан арга хэмжээний тухай мэдээ, мэдээллийг бусадтай хуваалцан, өргөн хүрээтэй сурталчилгааны ажлыг явуулсан байна.