БНХАУ-ын Ханжоу хотод энэ сарын 23- наас аравдугаар сарын 8 хүртэлх хугацаанд Азийн зуны XIX наадам болно. 1951 оноос хойш дөрвөн жил тутам зохион байгуулж ирсэн тус наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны тамирчид спортын 40 гаруй төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаа электрон, бүжгийн спорт (break dance) наадмын хөтөлбөрт анх удаа багтсан. Жүдо бөхийн төрөлд Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, мөн дасгалжуулагч П.Нямлхагва, Д.Цэрэнханд, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад 15 тамирчин өрсөлдөхөөр болж, бэлтгэлээ базааж буй гэнэ. Энэ удаа түрүүлсэн тамирчдад “Парис 2024” олимпын наадамд оролцох эрх олгож эхлэх тул манай тамирчдын хувьд хариуцлагатай тэмцээн байх нь. Жүдо бөхтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, АНЭУ-ын Абу-Даби хотод ирэх сарын 28-нд эхлэх жүдо бөхийн мастеруудын ДАШТ-д манай улсын тамирчид зодоглохоор болжээ. Өнгөрсөн жил Польшийн Краков хотод тус тэмцээн болоход эмэгтэйчүүдээс О.Алтантүлхүүр, Ж.Дорждулам нар хүрэл медалийн эзэн болсон юм.