АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан пауэрлифтингийн ДАШТ-д 84 улсын 600 гаруй тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд хүч сорьсон Монголын тамирчдаас Хөдөлмөрийн баатар, Токиогийн паралимпийн аварга Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртжээ. Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 107 кг-ын жинд оролцсон тэрбээр 247 кг-ыг өргөсөн байна. 2009 оноос өнөөг хүртэл эл спортоор тууштай хичээллэж буй тэрбээр өнгөрсөн жил Казахстаны Нур-Султанд болсон ДАШТ-д түрүүлж, дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулан шинэчилснээр “Гиннесийн ном”-д бичигдэж байсан билээ. Тив, дэлхийн шилдэг тамирчин болохоо амжилтаараа баталсаар буй түүний дараагийн тэмцээн нь БНХАУ-д болох Азийн наадам юм байна.