Олимпын наадам нь тухайн арга хэмжээг зохион байгуулж буй хоттой нягт холбоотой байсаар ирсэн. Сүүлийн үед зөвхөн нэг хотод олимпын бүх тэмцээнийг явуулах нь техникийн хувьд нэлээд хязгаарлагдаж буй. Гэсэн ч бусад томоохон тэмцээн, тухайлбал, хөлбөмбөгийн ДАШТ-ээс ялгаатай нь олимпын наадам нь тухайн улс бус, хотоор нэрлэгддэг билээ. Гэхдээ спортын олон төрөлд өрсөлдөж буй хэдэн мянган тамирчныг нэг дор цуглуулах хүсэлтэй хотуудын тоо цөөрсөөр байна. Тиймээс энэ тал дээр шийдэл олох шаардлага Олон улсын олимпын хороо (ОУОХ)-нд үүсэж байгаа. Тэгвэл Швейцар улс үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой хувилбарыг санал болгожээ. Гэвч тэдний саналыг хэрэгжүүлэхийн тулд олимпын наадмын нэгэн чухал уламжлалыг эвдэх ёстой болно.
“НЭГ НААДАМ-НЭГ ХОТ” ФОРМАТ
Швейцар улс2030 оны өвлийн олимпын наадмыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буй. Тус олимпыг “хүлээж авах” саналаа АНУ, Япон эргүүлэн татсан. Шведийн санал эхний шатны шалгуурыг даваагүй. Харин Норвегийн олон нийт олимпын наадмын эсрэг саналтай байна. Тиймээс өвлийн спортын баялаг уламжлалтай, Европ тивийн төвд оршдог баян улсын санал ОУОХ-ны сонирхлыг татах ёстой юм. Гэвч 2030 оны цагаан олимпыг зохион байгуулах Швейцарын санал тун өвөрмөц байгаа нь ОУОХ-ны эрхмүүдийг ихээхэн бодоход хүргэж магадгүй. Хэргийн гол нь тус улс олимпын наадмыг нэг хотод бус, улс даяараа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, нэг том хотод нь нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, финалын тоглолтууд болно. Харин бусад бүх тэмцээнийг муж улс болгонд тэгш хуваарилан явуулах юм. Хөлбөмбөгийн ДАШТ-тэй ижил формат гэсэн үг. Олимпын наадмыг хэт нүсэр, нэг хотын хувьд дэндүү өндөр зардал, их ачаалалтай байхаас сэргийлэх үүднээс эл саналыг нь хүлээж авахыг Швейцарын Үндэсний олимпын хороо хүсэж буй юм. Ийм зорилгоор 2030 оны өвлийн олимпын наадмыг эх орондоо зохион байгуулж, албан ёсны “туршилт” хийхээр тус улс төлөвлөжээ. Хамгийн сүүлд 1948 онд тус улсад олимпын наадам болсон. Тэр цагаас хойш олимпын наадмын цар хүрээ, оролцогчдын тоо, төсөв асар их нэмэгдсэн нь ойлгомжтой. Олимпын наадмыг зохион байгуулахын тулд асар их хөрөнгө оруулах ёстой нь тус улсыг саналаа ОУОХ-нд гаргахад нь тээг болсоор ирсэн юм. Ерөөс Швейцарын олон нийт өртөг зардал өндөртэй тус арга хэмжээнд таатай ханддаггүй.
БОЛОМЖ, БЭРХШЭЭЛ
Швейцар бол ардчиллыг жинхэнэ утгаар хөгжүүлсэн, бие даасан муж улсууд (кантон гэж нэрлэдэг) бүхий өвөрмөц засаглалтай улс юм. Албан ёсны нэршил нь хүртэл Швейцарын Холбооны Улс. Тус улсад чухал асуудал бүрийг олон нийтийн санал асуулгаар шийддэг. Мэдээж олимпын наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлэх асуудлыг хүртэл олон нийтийн саналаар шийднэ. Өмнө өгүүлсэнчлэн, олимпын наадам хэмээх өртөг зардал өндөртэй, нүсэр арга хэмжээг нэг хот, нэг кантон хариуцах нь швейцарчуудад таалагдахгүй байгаа. Тэд мэдээж спортыг ойлгодог, хүндэлдэг ард түмэн боловч Санкт-мориц, эсвэл Люцерн хотод олимпод зориулсан нүсэр дэд бүтэц босгох нь ямар ч ашиггүйг сайтар ойлгож буй. Тийм учраастэд олимп зохион байгуулах одоогийн форматыг өөрчилж, ачааллыг улс даяараа үүрэх саналыг дэвшүүлж байгаа аж. Нэг хотод нь скелетон, нөгөө нэг хотод нь хоккей, шорт-трек, уран гулгалт, бас нэг хотод нь биатлон гэх мэтээр өөр өөр газарт тэмцээн, уралдааныг зохион байгуулах нь. Гэхдээ эл наадмыг зөвхөн нэг хотод зохион байгуулах нь эртний Грекийн үеэс эхлэлтэй бөгөөд орчин цагийн олимпын хөдөлгөөний хамгийн чухал уламжлалын нэгт тооцогддог билээ.
Харин бодлогын түвшинд бус, практикт хамгийн том асуудал бол тээврийн хүртээмж юм. Спортын ордон, байгууламж хооронд зорчих тал дээр ОУОХ хатуу тогтоосон дүрэм журамтай бөгөөд үүнийг хоёр хувилбараар шийдвэрлэх боломжтой. Нэгдүгээрт, уг дүрэм журмыг өөрчлөх, эсвэл өндөр зардалтай томоохон дэд бүтэц барих ёстой. Бээжингийн олимпын үеэр БНХАУ ууланд өндөр хурдны зам барьж байгуулсан агаад ийм аргыг Швейцар хэрэгжүүлэх технологи, санхүүгийн чадамжтай билээ.
Өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулах нь нэг хотын хувьд улам бүр нүсэр, өндөр зардалтай болсоор буй энэ цаг үед Швейцарын эл санал олонхын дэмжлэгийг хүлээж ч магадгүй юм.
Бэлтгэсэн: Н.Энх