“Степпе арена”-д үргэлжилж буй жиү жицүгийн 20 дахь удаагийн ДАШТ-д 41 орны 500 гаруй тамирчин зодоглож, аваргаа тодрууллаа. Тус тэмцээний эхний хоёр өдрийн барилдааны үр дүнг бид өмнө нь мэдээлсэн тул насанд хүрэгчдийн ангиллын сүүлийн өдрүүдийнхийг тоймлон хүргэе. Дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн -85, 94, эмэгтэйчүүдийн 45, -70 кг, +70 кг-ын жингээр эхэлж, Монголын шилдгүүдээс ОУХМ Б.Ариунцог тэргүүтэй, М.Сугар, ОУХМ Б.Хулан нар хүч үзэв. Эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан БНСУ-ын Ми Жэ Ман, Казахстаны Даяна Аманжолова нарыг ялж, хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч, 2021, 2022 оны дэлхийн аварга ХБНГУ-ын Дениз Крахт ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай, Йорданы бөх Какиш Яараг 3:0-ээр илүүрхэж, нэ-ваза төрөлд анхны медалийг авчирсан юм. Тэгвэл М.Сугар тус төрөлд Монголын багийн хоёр дахь медалийг хүртлээ.
Тэрбээр +70 кг-ын жинд ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг буулган авсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Канадын тамирчин Райн Пфаффад хожигдов. Хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор хожсоноор шагналын тавцанд зогссонюм. “Улаанбаатар-2023”-аас зүүсэн медаль түүний хувьд гурав дахь нь болж байна. М.Сугар өмнө нь АНУ-ын Лос-Анжелест 2013 онд болсон ДАШТ-д анх удаа түрүүлж дэлхийн аварга болжээ. Мөн “Данань-2016” Азийн элсний наадам, “Ашхабат-2017” Азийн танхимын спортын наадмаас хүрэл медальтай ирж, Улаанбаатарт 2019 онд болсон Азийн АШТ-ий +70 кг-ын жинд аваргалж байв. Жиү жицүгээс гадна жүдо, самбо, кураш, бүстэй барилдаанаар хүч үздэг тэрбээр өдгөө Дорноговь аймгийн “Хилэнц” клубийн дасгалжуулагчаар ажилладаг.
Тав дахь өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн не-ваза төрөлд 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, мөн дуо төрлийн холимог багийн өрсөлдөөнөөр өрнөсөн ч манайхан медаль хүртсэнгүй. Монголын тамирчид шоу холимог багийн төрөлд Тайланд, Румыний ард III байрт жагссан бол мастерс ангилалд 10 алт, мөнгө, хүрэл тус бүр 13, нийт 36 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Тус ангилалд манай улсын ард Казахстан 10 (алт тав, мөнгө дөрөв, хүрэл нэг) медальтайгаар шил дарсан юм. Тэгвэл Канад дөрвөн медаль (алт дөрөв, мөнгө хоёр, хүрэл нэг) хүртсэн амжилтаар III байр эзэллээ.