Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн ээлжит хурлаараа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэснээ танилцуулсан юм. “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах дөрвөн төрлийг тодорхойлсон байдаг. Дөрөв дэх хэсэгт нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан. Үүний дагуу энэ удаагийн хурлаар сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтлоо” хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд буюу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан мэдэгдэв.
Эл шийдвэр олон хүнийг айх, гайхахад хүргээд байна. Эсэргүүцэж буйгаа иргэд цахим орчинд илэрхийлж эхлэв. Татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь салхинд хийсгэсэн гашуун сургамж байсаар атал дахин арилжааны банкуудад хадгалуулна гэхээр хэний ч санаанд буухгүй нь ойлгомжтой. Хэдхэн сарын өмнө “Нийгмийн даатгалын сан 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байна. “Капитал” банканд 68.2, “Чингис хаан” банканд 100 орчим тэрбум төгрөг байгаа юм билээ. Хэдийгээр авлага барагдуулна гэж хэдэн жил ярьсан ч бодитоор авсан зүйл энэ санд алга хэмээн ярьснаа Л.Энх-Амгалан сайд мартсан бололтой. Мөн нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорын байгууллагад гомдол гаргаснаа ч дуулгасан. Шүлс нь хатаж амжаагүй байхад нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулах алхмыг өөрөө хийчхэв үү.
“Капитал” банкнаас 104.2, “Чингис хаан” банкнаас 103.57, нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шүүхийн шийдвэр гарсныг сайдад сануулъя.
Үүнээс хоёр банк дөнгөж 47.22 тэрбум төгрөгийг барагдуулж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байгаа юм. Ард иргэдийн мөнгийг эрсдэлд оруулсан үйлдлээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн сүүлийн таван жилд гараагүй түүхэн шийдвэр хэмээн тодотгоно лээ. НДЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг “Сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулснаар нийгмийн даатгалын сан өсөж арвижих боломжийг бүрдүүллээ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ” гэв.
Одоогоор 700 тэрбум төгрөгийг аль банканд хадгуулах нь тодорхойгүй байна. Байршуулсан банк нь дампуурчихдаг. Татвар төлөгчдийн 100 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн албан тушаалтнууд уснаас хуурай гарч, банкны эзэд нь хэдхэн саяар торгуулж, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд л өнгөрсөн. Анхнаасаа үзүүлэлт маш муу банканд иргэдийн мөнгийг байршуулсан нь улс төрчдийн мөнгө идэх арга хэмээн олон нийт одоо ч харддаг. Иргэдийн халааснаас орлогоо төвлөрүүлдэг Эрүүл мэндийн даатгалын сангийнхан ч банкнаас “айж”, хөрөнгөө Төрийн санд байршуулахаар болж. Арвижуулахгүй юм гэхэд алдахгүй баймаар. Харин нийгмийн даатгалынхан хашрахгүй, иргэдийн мөнгийг эрсдэлд оруулчихлаа. Эцэст нь банкны хүү ч үгүй, хадгаламж ч үгүй үлдэх вий.
Ч.Болор