Зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгээд байна. Ирэх сарын 3-ныг хүртэл толилуулах үзэсгэлэнгийнхээ талаар тэрбээр “Хэлбэрийн хувьд нэлээд өөр өөр өнцгөөс бүрдсэн. Гэсэн ч итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл, үнэлэмж зэргийг агуулгаараа нэгтгэж, нэг цонхоор харуулахыг хичээлээ. Өмнө нь зохион байгуулсан үзэсгэлэнгүүд минь ч агуулга болон хэлбэрийн хувьд аажимдаа хувьсан өөрчлөгдөх оюун сэтгэл, ухамсрын илэрхийлэл болсоор ирсэн. Сүүлийн жилүүдэд буддын гун ухааны ертөнцийг үзэх үзэл, оршихуйн зүй тогтлыг үнэлэх үнэлэмж зэрэг нь миний оюун сэтгэлийг татаж байна. Энэ чиглэлд хандсан бүтээлүүд хийхийг зориод багагүй хугацаа өнгөрчээ. Бүтээлүүдийн өгүүлэмж санаа, зохиомж бэлгэдэл нь бурхны шашны тодорхой агуулгуудыг үзүүлэхийн сацуу, бүтээх үйл явц нь ч чухал. Энэ нь миний болон үзэгчдийн дотоод оюун санаа, ухамсрын өөрчлөлт хөгжилд нөлөөтэй. Үүнийг тайлбарлахын тулд бясалгалын суурь ойлголтоос товч жишээ татах нь зүй” гэлээ.
“Үүлэн дээрх мөр” үзэсгэлэнд тэрбээр 30 гаруй бүтээлээ толилуулж байгаа аж. Тухайлбал, “Үдшийн гялаан” бүтээлдээ алдаа оноо, зовлон жаргал бүхнийг туулж, насны өндөрлөгт хүрсэн нэгнийг дүрсэлжээ. Ингэхдээ хүний амь насыг шуурган дундах өчүүхэн галтай зүйрлэсэн байна. Түүнчлэн “Үүрийн цолмон” бүтээлдээ хүн бүрийн доторх ариун гэгээн мөн чанар, хүүхэд насны цэвэр тунгалаг ухамсарт оршин байдаг тухай өгүүлэхийг зорьсон гэнэ. Энэхүү санаагаа хүн чулуугаар дүрсэлсэн аж. Сайн сайхан бүхэн улам дэлгэрч, гэрэлтэхийн ерөөл болгож, бүтээлээ ийнхүү нэрлэсэн байна. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга”-ын эгшгийг “Суварган цагаан үүлс” бүтээлдээ буулгажээ.
А.Тэмүүлэн