Олон улсын цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Уильям Д.Магвүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар хүлээн авч уулзан, эрчим хүчний шилжилт, тогтвортой байдлын асуудлаар санал солилцов.
Манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 30 хувьд хүргэж, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилт тавиад буй. Үүний хүрээнд байгалийн хийн хэрэглээнд шилжих, дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг дэмжих бодлого баримталж байгааг албаны хүмүүс энэ үеэр онцлов. Түүнчлэн Монгол, Францын хамтарсан ураны төслийг эхлүүлсэн нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чухал алхам болсныг дурдлаа. Харин Уильям Д.Магвүүд Монголыг олон улсын цөмийн санаачилгуудад идэвхтэй оролцож, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдахыг уриалсан юм.
Уулзалтын үр дүнд цөмийн эрчим хүчний хөгжил, тэр дундаа жижиг модульт реактор (SMR)-уудын талаарх тайланг Монголын талд танилцуулах, манай улсын холбогдох албаны хүмүүсийг цөмийн эрчим хүчний арга хэмжээнд оролцуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох чиглэлээр мэдээлэл өгөхөөр тохиролцжээ.
Н.Мишээл