“Жизель” балетын гол дүр болох “Альберт”-ад бүжиглэхээр Чех улсын Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлол бүжигчин, ахлах зэрэгтэй мэргэжлийн балетын багш Хуан Шаошуай манай улсад иржээ. Тэрбээр “Кармен”, “Болеро”, “Дориан Грейгийн зураг”, “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Жизель”, “Дон Кихот,” “Коппелия”, “Ла Корсар”, “Анна Каренина” зэрэг 30 гаруй балетын гол дүрийг бүтээсэн нэгэн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 15-нд толилуулах Францын нэрт хөгжмийн зохиолч Адольф Аданы “Жизель” балетын Па Де Де, 16-нд Альберт дүрийг бүтээх нь. Өмнөд хөршийн Хайнань аралд төрсөн тэрбээр 12 настайгаасаа балетаар хичээллэж, Ляонин балетын сургуульд сурсан байна. 18 настайдаа Венийн олон улсын балетын VII тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Сургуулиа төгсөөд Тяньжин хотын Дуурь бүжгийн балетын театрт орж, найман жил ажиллажээ. Олон улсын “Royal dance” гран при тэмцээний шүүгчээр ажилладаг эл эрхэм 2016 онд Хонконгийн балетын бүжигчдийн холбооноос олгодог “Супернова” шагнал гардаж, 2019 онд “Донтолт” бүжгээрээ шилдэг модерн бүжгийн шагнал хүртсэн аж.
Г.Цэцэг