Манай зочин, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхмийн эрхлэгч Ш.Ариунаа “Олон улсад нэртэй багш нараар хичээл заалгаснаараа, өөрийн ажил, мэргэжлээр, мөн гэр бүл, хоёр хүүхэд, ээж, ааваараа бахархдаг” хэмээсэн бол “Өнөөдөр”-ийн уншигч-сурвалжлагч, ХБК-ийн төгөлдөр хуурын багш Н.Ганчимэг “Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч болж, босгыг нь давснаас хойш багш, хичээлийн эрхлэгч, уран сайхны удирдагч, сургалт эрхэлсэн дэд захирал гэхчилэн шат дараалан явж, өдгөө хүртэл амьдралынхаа 56 жилийг тасралтгүй энэ л байгууллагатай холбосондоо баярлаж, бахархдаг. Энэ хүртэл явахад намайг дэмжиж, үргэлж түшсэн ханьдаа бас талархах учиртай” гэсэн.
Сониноос, Ганаа эгчийн ганц охин философич мэргэжилтэй юм билээ. Тийм болоод ч тэр үү, “зараал” маань энэ сэдвээр ярилцахаар зочноо сонгосон болов уу. Юутай ч, өндөр боловсролтой, соёлтой, мэдлэгтэй хүмүүсийн яриа “амттай”, бас өгөөжтэй байлаа.
-Би “Өнөөдөр” сонины сурвалжлагчийн үүрэг хүлээгээд, хэнтэй ярих вэ гэж удаан бодсонгүй. Шууд л Ш.Ариунаа хэмээх сайхан эмэгтэйг уншигчдад танилцуулахаар зорилоо.
Учир нь зочин маань олон оронд боловсрол эзэмшсэн, философич, багш, урлаг болон соёл судлаач юм. Ер нь Та яагаад энэ чиглэлээр сурах болов гэдгээс яриагаа эхэлье.
-Би дунд сургуульд гайгүй сайн сурдаг охин байлаа. Тэгээд 10 дугаар ангиа төгсөөд Москвад Ломоносовын их сургуульд шинжлэх ухааны коммунизмын онолоор сурах, эсвэл Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын улсын их сургуулийн философийн анги гэсэн хуваариас сонголт хийх болсон. Тухайн үед олон хүүхдийн мөрөөдөл болсон Ломоносовын их сургуулийг би сонгохыг хүссэн.
Гэхдээ аав маань “Миний хүү, мэргэжлийг нь бодож сонговол ямар вэ. Философич гоё мэргэжил” гэснийх нь дагуу сонгож, явсан. Би жирийн нэгэн сэхээтний том охин болж төрсөн, нэг ах, зургаан дүүтэй л дээ. Аав, ээж маань үүрэг, хариуцлага, эрхэм чанарыг гэр бүлийнхээ орчин хүмүүжил болгож, биднийг өсгөсөн. Бас эмээ маань биднийг өсөж, торниход маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ гэдэг өвөг дээдсийнхээ эрхэм чанарыг эмээ минь харуулсан сайхан хүн байлаа.
За, тэгээд Уралын их сургууль төгсөж ирээд тухайн үеийн Дээд боловсролын хорооны томилолтоор УБДС-д философийн багшаар очиж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн дээ. Тэндээ 10 гаруй жил ажиллаад, ХБНГУ-ын Билефельдийн их сургуульд философийн түүхийн чиглэлээр магистрын сургалтад хамрагдсан. Тэгээд буцаж ирээд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, Нийгмийн ухааны их сургуулийн захирал, проректороор ажилласан. Мөн ХБК-д сургалт эрхэлсэн дэд захирлын албанд хэсэг хугацаанд байсан. Одоо МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимд эрхлэгчээр ажиллаж байна.
-Тэгэхээр Та дан боловсролын байгууллагатай холбогдож иржээ. Ер нь философи бол бүх зүйлийн үндэс гэж би ойлгодог. 1990 оноос өмнө нийгэм маань өөрийн гэсэн философийн үндэстэй, чиг хандлагатай байсан.
Түүнээс хойш бидний үзэх, харах өнцөг олон талаар баяжиж, дэлхий дахинтай нэлээд ойртсон. Энэ бүхэн таныг урлагийн философийн судалгаа руу хөтөлсөн үү. Яагаад энэ талаар сонирхох болсон юм бэ?
-Уралын их сургуульд сурч байхад минь оюутнуудыг сонголтоор нь түүхэн болон диалектик материализм, гоо зүй, урлагийн философи гэсэн чиглэлээр давхар мэргэшүүлсэн юм. Энэ дагуу би урлагийн философиор мэргэшиж, Оросын нэрт эрдэмтэн А.Ф.Еремеевийн удирдлага дор дипломаа хамгаалсан. Тиймээс анх багшлахдаа гоо зүй, ёс зүйн хичээлийг бас зааж байлаа. Өнгөрсөн хугацаанд боловсрол болон урлагийн чиглэлээр олон төсөл гүйцэтгэсэн. Энэ бүхнээс үүдэн Монголд урлагийн боловсрол маш чухал гэдгийг илүүтэй ойлгож, мэдэрсэн.
-Нээрэн, Ариунаа багш маань Москвад шинжлэх ухааны доктор хамгаалаад, дипломоо аваад ирсэн шүү дээ. Баяр хүргэе. Ямар чиглэлээр хамгаалсан билээ?
-Баярлалаа. Таны асуултад хариулахын тулд жаахан алсаас эхэлье. Германд анх очихдоо би философи болон дэлхийн сонгодог уран бүтээлийг тодорхой түвшинд үзэж мэдсэн, судалсан байсан. Гэхдээ Барууны ертөнц бидэнд шинэ, содон байлаа. Тэнд би соёл, урлаг, философийн цоо шинэ ертөнцтэй танилцсан. Энэ бүхнээс үүдэн монгол хүн ямар онцлогтойг, үндэстэн хоорондын сэтгэлгээний өөрчлөлтийн ялгааг илүүтэй мэдэрч, дараагийн докторын судалгаагаа энэ сэдэвт голлон суурилсан.
Эл судалгаа болон өмнөх докторын ажлын хамгаалалт маань ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнд болсон юм. Үндэстэн бүр өөрийн соёл, сэтгэлгээгээр ялгардаг, тэр дундаа соёлын ялгаа нь юу вэ гэдгийг хүмүүс олон талаас нь судалжээ. Соёл бол маш өргөн хүрээтэй. Бас сэтгэлгээний ялгааг судалснаар дэлхийг танин мэдэхэд маш чухал.
Тэгэхээр миний судалгаа бол философийн хүн судлал талаасаа угсаатан гэж ямар ойлголт вэ гэдэгт чиглэсэн. Энэ нь зөвхөн урлаг биш. Хүн ба урлагийн холбоо нь аж байдал, ёс заншил, үйл хөдлөл, сэтгэлгээ гэхчилэн бүхий л зүйлтэй холбогдох өргөн хүрээтэй сэдэв. Ингээд нарийвчлан судлаад ирэхээр хүний орчин, мөн чанарын тухай өмнө нь тогтсон ойлголт, сонгодог үзэл баримтлалууд зарим талаар өөрчлөгдсөнийг харж байна.
Энэ талын судалгаа Монголд их хэрэгтэй. Бид монгол хүнээ ойлгож, сэтгэлгээнд нь гарч буй өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэрч, юу хэрэгтэй, ямар зүйл дутуу байна гэдэгт дүгнэлт хийж явах хэрэгтэй. Үүнийг цаашид судлах ёстой гэж боддог. Энэ бол маш нарийвчилсан, олон талт судалгаа юм.
-Сэтгэлгээний ялгаа гэлээ. Тэгэхээр монголчууд бид ямар сэтгэлгээгээр бусдаас ялгарч байна вэ?
-Энэ асуудалд судалгаа гэдэг өнцгөөс биш, өөрийн бодлыг хэлэх нь зүйтэй болов уу. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл эртнээс уламжлалтай. Байгаль, цаг уур, орчин, аж амьдрал, ахуйтайгаа зохицож ирсэн өргөн ойлголтын дунд бид нийгмээ хөгжүүлж, өөрийн гэсэн үнэт чанарыг бий болгосон. Үнэт зүйл гэдэг нь цаг хугацааны явцад өөрчлөгдөн, хувирсан ч зарим нь хадгалагдан, өвлөгдсөн, түүнийг уламжлан хөгжүүлж, баяжуулж явна. Үүнийгээ бид маш зөв тайлбарлаж, ойлгуулж, юугаар хөгжүүлэн, баяжуулж яваагаа харуулснаар монгол хүний бахархал, бас үндэстний онцлогийг тодруулах нөхцөл бүрдэж байгаа юм.
Үүнийг зөв гаргаж ирэхгүй бол бидний сэтгэлгээ, оюун ухаан руу янз бүрийн мэдээлэл ямар ч хяналтгүйгээр чөлөөтэй нэвтэрч байна. Өөрөөр хэлбэл, оюун санааны халдлагад өртөж байна л даа. Юу гэхээр, бидний үнэт зүйлс арчигдаад л байгааг бид анзаарахгүй байна. Энгийн нүдээр харахад нэг зүйл нөгөөгөөр солигдож буй мэт, үүнийг хүмүүс нийгэм өөрчлөгдөж байна гэж ярьж байгаа боловч бидний сэтгэлгээнд оршдог, бас эрхэмлэдэг үнэт зүйлсийн тухай ойлголт аажмаар арчигдаад явна.
Тэгэхээр бид соёл, сэтгэлгээний дархлаа маань хэрхэн өөрчлөгдөж буйг судлах учиртай. Бид монгол хэлээрээ ярьж, дуулж, сэтгэж, хил хязгаар маань бүтэн байна гэдэг нь нэг бүхэл зүйлийн хэсэг нь юм. Монгол сэтгэлгээ гэдгийг бид өөр өнцгөөс харах цаг болчихжээ. Бидний хамгаалж үлдсэн зүйл сэтгэлгээний хувьд юу байна гэдэг нь хамгийн чухал.
-Та ер нь ямар зан чанартай хүн бэ. Өөрийгөө нэг тодорхойлооч.
-Нэг асуултыг би бүх хүнд тавихыг хүслээ. Та өөрийнхөө төлөө амьдарч байна уу, бусдын төлөө оршин тогтнож байна уу? Би аливаа бүхэн сайхан байх боломжтой гэж үздэг. Гэхдээ өөртөө сайхан байснаар бусад зүйлийг сайхан болгоно гэвэл өрөөсгөл. Бусад зүйл сайхан байснаар би сайхан байх нөхцөл бүрдэнэ гэдгийг оюутнууддаа ойлгуулахыг хичээдэг.
Залуу үе бол өмнөх үеийнхнийхээ толь болж болно. Сүүлийн үед “Одоогийн залуучууд” гэж шүүмжлэх аястай үг их сонсогдох болжээ. Би залуучуудад буруу өгөхийг урьтал болгоод хэрэггүй гэж хэлэх байна. Залуу хүнд туршлага, цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр тэднийг зөв чиглүүлэх нь ахмад хүмүүсийн үүрэг. Бүр анхан шатнаас нь зөв гишгүүлж сургахад анхаарах хэрэгтэй.
Үүнд эцэг эхийн үүрэг, хариуцлага ч багтана. Өнөөдөр муу, муухай гэж хэлэгдээд байгаа залуучууд маань дараагийн үеийнхнээ хүмүүжүүлнэ гэдгийг сайн бодох учиртай. Тодорхой түвшинд намайг илтгэх болов уу гэсэн үүднээс энэ тухай ярилаа.
-Монголд 1990-ээд оноос өмнө урлагийн мэргэжлээр 80 орчим хүнийг судлаачаар тусгайлан бэлтгэсэн байдаг. Харамсалтай нь, цаг төрийн байдлаас болж олонх нь мэргэжлийн ажлаасаа хөндийрчээ.
Одоо энэ чиглэлээр судалгаа хийдэг хүн ховор. Та соёл, урлагийн чиглэлээр доктор хамгаалуулах зөвлөлд ажилладаг. Тэгэхээр манай судлаачид, урлагийн сургуулийн багш, мэргэжилтэн, уран бүтээлчид маань ямар чиглэлээр явж байна, ер нь аль төрлөөр судалбал илүү өгөөжтэй, үр дүнтэй гэж харж байна вэ?
-Сүүлийн үед манайд олон сайхан эрдэмтэн, доктор төрж гарч байна. Миний хувьд хүлээж байдаг, илүү хөгжүүлээсэй гэж боддог зүйл бол урлагийн онол, үзэл баримтлалын судалгаа. Дэлхийд урлаг судлал ямар түвшинд явна, түүнийг яаж, хэрхэн тайлбарлаж, ойлгуулж цогц болгож байна вэ гэдэг талаасаа жаахан учир дутагдалтай хандаад байна уу даа. Бид хаана нь явна вэ, үзэл баримтлалын хувьд хэн байна вэ гэдгийг нухацтай судалж, тогтоох хэрэгтэй.
Дуурайх биш, өөрийн баримтлах чигийг бий болгохыг хэлж байна. Өнөөдөр манайд урлагийн олон төрөл, урсгал хөгжиж байгаа. Зарим нь дэлхийн түвшинд хүрлээ гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Тэр түвшинд бид цэвэр авьяасаар л хүрсэн. Тэгвэл одоо судалгаатай нь цогц байдлаар авч явах шаардлагатай болжээ.
Өөрийн үзэл баримтлал, түүнийг хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг маш чухал. Энэ зүйл бас л их өргөн хүрээтэй. Хувь хүний үзэл баримтлал хөгжиж байж судалгаа гарна. Өөрөөр хэлбэл, өөрөө төлөвшсөн хойноо бусдын үзэл баримтлалыг мэдэж, судална гэсэн үг.
-Орчин цагийн монголчуудын урлагийн боловсролыг Та хэрхэн хардаг вэ. Ер нь ямар түвшинд байх ёстой гэж үздэг вэ?
-Ер нь боловсрол гэдэгт хүмүүс их дураараа ханддаг болж. Ямар хүнийг боловсролтой гэх вэ гэдэг туйлын сонин асуулт болж хувирлаа. Диплом, үнэмлэх, гэрчилгээгээр нь боловсролтой хүн гэх хандлага нэг хэсэг байлаа. Хүмүүс олон мэргэжилтэй болж, янз бүрийн сургуульд сурч тэр цаасыг л олж авахаар хошуурсан. Мөн нэг хэсэг гадаад хэлний мэдлэгтэй бол боловсролтой гэж үзэх хандлага байлаа. Энэ завсарт урлагийн боловсрол гэдэг зүйл бараг байхгүйтэй адил болсон.
Нэгэн үе манайд урлагийг ойлгож, мэдэрч, үнэлж, түүгээр бахархаж, хүүхдүүдийг багаас нь урлагтай холбож, тоглолт үзүүлдэг, сурталчилдаг байсан түүх бий шүү дээ. Өнөө үед урлагийг шоу, эсвэл хошин шогоор төсөөлдөг болж. Олон нийтийнх, мэргэжлийнх, мэргэжлийн бус аль нь вэ гэдгийг ялгаж ойлгоход хэцүү болгочихжээ. Тиймээс бид саяхан МУИС-д урлагийн боловсролын талаар эрдэм шинжилгээний хурал хийж, мэргэжлийн урлаг, түүний боловсон хүчнийг хэрхэн бэлтгэдэг талаар ХБК-ийн багш нар илтгэл тавьсан.
Мөн мэргэжлийн бус урлагийн талаар ч авч хэлэлцсэн. Ер нь урлагийн боловсрол бол насан туршийнх байдаг. Өдөр тутамд идэж, өмсдөг хэрэглээ шиг урлаг ч гэсэн хүний зайлшгүй хэрэгцээ юм. Ийм шаардлага өнөөдөр урьд урьдынхаас илүү тавигдаж байгаа ч хүмүүсийн ойлголтын түвшин нэлээд доор унасан байна, тун харамсалтай.
Урлагийн боловсрол бол ойлгохоос л эхэлнэ. Ойлгосны дараа мэдлэг болно. Бүр цаашлаад боловсролтой хүний зайлшгүй мэдэх зүйл болох урлаг нь мэдлэгийн том салбар юм. Бүх нийтийн урлагийн боловсролыг энэ чиглэлд явуулахыг бид зорьж байна.
-ХБК маань 80 жилийн түүхэндээ мэргэжлийн урлагийн ажилтнуудыг шаталсан сургалтаар бэлтгэж, өөрийн гэсэн сургалт, арга зүйн дэг, загвартай болжээ. Олон улсын уралдаануудын комисс ч манай сурагч, оюутнуудын арга барил, техник, ур чадвараас үүдэн ийнхүү дүгнэдэг. Тэгэхээр манай сургууль консерватори болох бэлтгэл, судалгаа ханаж байна аа.
Та манай сургуульд ажиллаж байсны хувьд үүнийг сайн мэднэ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь биднийг баярлуулсан сайхан шийдвэр гаргалаа. Сургуулийн суурь, боловсон хүчний баазад түшиглэн консерватори байгуулах нь зүйтэй гэлээ.
Энэ асуудал таван сайдын үед яригдаж, өнөөдрийг хүрсэн шүү дээ. Бид хөгжимчин, бүжигчин зэрэг урлагийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд 6-22 нас хүртэл нь “нухдаг” шаталсан сургалттай.
Тэднийг сургадаг багш, боловсон хүчний маань 80 орчим хувь нь гадаадад консерватори төгссөн, дэлхийд алдартай уралдаануудад оролцсон гарамгай уран бүтээлчид байдаг. Үүнийг би онцолж байна. Тэгэхээр та ирээдүйн манай хөгжмийн дээд сургуулийг хэрхэн харж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-ХБК-ийн хамт олонтой ажилласан нь миний амьдралд тохиосон тун сонирхолтой үе байсан. Г.Эрдэнэбат захирал надад санал тавихдаа “Бид энэ сургуулийг консерватори болгохоор олон жил явсан. Манай багш нар мэргэшсэн, гайхалтай баг болсон. Одоо бидэнд боловсролын стандарт, төлөвлөгөө, сургалт тал дээр энэ салбарын туршлагатай хүний дэмжлэг хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд сургуулиа судалж үзээд сүрдэж, биширсэн. Ямар нүсэр хөдөлмөрөөр энэ хүүхдүүдийг бэлтгэж байна вэ. Гайхалтай санагдсан.
Тэгсэн хэрнээ “За, би ер нь чадах болов уу, юутай ч сургалтын талаас нь ажиллаад үзье” гээд шийдсэн. Хамт олон маань их сайхан угтсан. Тэгээд хамтдаа консерваторийн бэлтгэлийн нэг хэсэг болох дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийг маш богино хугацаанд хийлгэсэн. ХБК маань орос мэргэжилтнүүдээс уламжилж авсан, мөн өөрсдийн бий болгон баяжуулсан дэг сургалтаараа мэргэжлийн урлагийн ажилтнуудыг гайхалтай бэлтгэж буйгаараа олон улсад хэдийнэ танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага.
Тэгэхээр эндхийн багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчдын нэгдсэн том мөрөөдөл бол яах аргагүй консерватори болох. Эл мөрөөдлийг ажил хэрэг болгон шийдэхэд шууд оролцсон яамны сайд, газрын дарга нарт талархаад баршгүй. Сайдын идэвх санаачилга их байсныг онцлох нь зүйтэй. Одоо зам нь шулуудсан учраас коллеж гэсэн статусаас болж хойшлогдож, цуцлагдаж байсан олон асуудал шийдэгдэж, улам их боломж нээгдэх боллоо.
Статусын ялгаанаас болж ХБК-ийг хүлээн зөвшөөрдөггүй байсан олон улсын зарим сургууль, байгууллага хамтран ажиллах нь гарцаагүй. Багш нарын маань чадавхыг дэлхийд зүй ёсоор нь хүлээн зөвшөөрнө. Энэ мэтээр баярлах шалтгаан олон бий.
Өнөөдрийн зочин Ш.Ариунаа багш
“Бид өдөр тутамд уншиж, сонсож буй зүйлүүдээсээ, орчин тойрныхноосоо, мөн харилцан ярианаасаа хүртэл буруу мэдээлэл, ташаа ойлголт авдаг нь оюун санааны төөрөгдөл үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Тэдгээр мэдээллээс тодорхой хувь нь тархинд хадгалагдан үлддэг.
Тэгэхээр энэ бүхэн үнэн зөв мэдээллийг ялгахад бэрхшээлтэй болгож байна. Техник, технологийн өндөр хөгжлийн үр дүнд хиймэл оюун ухааны тухай ярьж байгаа энэ цаг үед хүний тархины бүтэц зохион байгуулалт, сэтгэлгээг өөрчлөх нь энгийн үзэгдэл болж мэдэх нь. Тэгэхээр авч буй мэдээлэлдээ дүгнэлттэй хандаж, ертөнцийг үзэх өөрийн үзлийг зөв төлөвшүүлж байж сэтгэлгээнийхээ дархлааг авч үлдэж чадна” хэмээснийг ярилцлагын төгсгөлд онцлохыг хүслээ.
Орчин цагт нийгэм хүнийг хэрхэн өөрчилж, цоо шинэ бүтээгдэхүүн болгож буйг сонирхон судлах нь зайлшгүй мэт санагдлаа. Түүний яриаг сонсож суухад нэг талаар зөгнөлт киноноос харж байсан бүхэн биеллээ олж буй мэт сонихон байлаа. Уншигч-сурважлагч Н.Ганчимэг маань зөв хүнээ сонгож, танилцуулжээ. Түүнд талархал илэрхийлье.
Энэ дашрамд, мөн ХБК-ийг хөгжмийн дээд сургууль болгох шийдвэр гаргасан хүмүүст талархаж байна. Уг шийдвэрээ одоо бушуухан батлаад, хуульчлаад өгөөрэй, төрийн түшээд минь ээ. Үүний тулд тус хамт олон, багш, сурган хүмүүжүүлэгчид ч өөрсдөөс шаардагдах бүх зүйлээ цаг хугацаатай уралдан жин тан болгоод, консерваторийн нээлтийн туузаа хайчлахыг хүсэн ерөөе.