Жендерийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт олон улсын хурал Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Тус хуралд гадаадын найман улсын 60 гаруй, дотоодын 110 төлөөлөл оролцсон байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий нийтэд байгалийн гамшгийн давтамж эрс нэмэгдэж, улс орнуудад нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэйг эрдэмтэн, судлаачид хэлдэг. Монгол Улсад ч ялгаагүй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын гамшиг нэмэгдэж, үүний уршгаар малчдын амьдрал доройтон, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, ядуурал, ажилгүйдэл ихсэж буйг хуралд оролцогчид онцоллоо. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг жендерийн мэдрэмжтэй тодорхойлох, тогтвортой эдийн засгийн үр ашигтай технологи нэвтрүүлэх, орон нутгийн түвшинд хувийн хэвшлийн оролцоог дэмжих асуудлууд чухал болохыг сануулсан юм. Манай улс сүүлийн 10 жилд тухайлсан салбар болон орон нутгийн түвшний бодлого, хөтөлбөрүүдэд жендерийн асуудлыг тусгах талаар багагүй ахиц гаргасан ч Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын тогтоол, мөн “Улаанбаатарын тунхаглал”-ын хүрээнд өгсөн санаачилга, үүрэг, амлалтаа бататгах цаг болсныг гадаад, дотоодын төлөөллүүд цохон тэмдэглэв. Уг хурлын угтаж цахим болон танхимын зөвлөлдөх уулзалтыг 27 удаа зохион байгуулсан бөгөөд үүнээс гарсан гол саналуудыг олон улсын хурлын зөвлөмж бүхий уриалгад тусгах гэнэ. Уриалгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг Монгол Улсын Засгийн газар болон хуралд оролцсон бусад улсын төлөөлөлд санал болгох аж. Нийт 275 санал ирүүлсний 228 нь орон нутгийнх гэнэ. Ташрамд дуулгахад, дэлхийн нийт хүн амын 43 хувь буюу гурван тэрбум гаруй нь хөдөө амьдарч буйгаас 80 орчим хувь нь нэн ядууд тооцогддог аж. Манай улсын хувьд эрэгтэйчүүд зудын гамшигт өртсөний дараа эдийн засаг, эрүүл мэндийн маш том хохирол амсаж байгаа нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ.
Ч.Туяа