Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д өнгөрсөн сарын 30-нд улаан бурхны сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэнийг болон ойрын хавьтлын 52 хүнийг тусгаарласан талаар бид мэдээлсэн. Монгол Улсад уг өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК өчигдөр хуралдлаа. Өнөөдрийн байдлаар улаан бурхнаар хоёр хүн өвчилсөн нь тогтоогджээ. Мөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар дэлхийн 178 улсад 210 мянга орчим тохиолдол батлагджээ. Азербайжан, Киргиз, Казахстан зэрэг улсад халдварын тохиолдол өндөр байгаа аж. Өвчилсөн иргэн Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн юм.
УОК-ын хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улаан бурхан өвчний тандалтыг эрчимжүүлэх, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангахыг үүрэгдэв. Мөн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авахаар зохицуулах гэнэ. Гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн хяналт, тандалтыг идэвхжүүлэх, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг танилцууллаа. Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхжүүлж, тандалт, хариу арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, дархлаажуулалт, бэлэн байдалд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, улаан бурхан өвчний дэгдэлт үүссэн тохиолдолд татан оролцуулах хүч хэрэгсэл, нөөцийг бүрдүүлэх, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгав.
Улаан бурхан нь вирусийн гаралтай, цочмог халдварт өвчин. Агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурч, амьсгалын дээд зам болон нүдний салст бүрхэвч үрэвсэн, нүүрнээс эхлэн бүх биеэр гүвдрүүт тууралт гардаг аж. Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаан бурхнаар өвдөөгүй бүх насныханд эрсдэлтэй. Тиймээс иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.
Бэлтгэсэн Ч.Болор