Эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд баталгаажуулах зурвас илгээж эхэлснийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 1-20-нд яаралтай болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд одоогоор зурвас илгээгээд буй гэнэ. Уг зурваст тухайн иргэний хаана, хэзээ, ямар тусламж, үйлчилгээ авсныг бичжээ. Мөн тусламж, үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл учирсан, эсэх болон нэмэлт төлбөр төлсөн, үгүйг нь лавласан асуумжийг багтаасан аж. Энэхүү асуумж нь эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээнд хянах тавих зорилготой гэнэ. Мөн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл гаднаас авхуулах, нэмэлт төлбөр авах, төлбөртэй оношилгоо, шинжилгээ хийх зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго тавьжээ. Тиймээс эрүүл мэндийн даатгалаараа тусламж, үйлчилгээ авсан иргэд зурвас хүлээн авсан даруйдаа асуумжид хариулахыг ЭМДЕГ-аас хүссэн байна.
Бэлтгэсэн М.Оч