2050 онд дэлхийн хэмжээнд хорт хавдрын 35 сая тохиолдол бүртгэгдэх тооцооллыг ДЭМБ-ын Хавдар судлалын олон улсын агентлагаас гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, 2022 онд дэлхийд хорт хавдрын 20 сая гаруй шинэ тохиолдол оношлогдож байсан бол 26 жилийн дараа гэхэд энэ үзүүлэлт 77 хувиар өсөх нь. Үүнд архи, тамхины хэрэглээ, таргалалт, агаарын бохирдол голлон нөлөөлнө гэж судлаачид үзэж буй. Дэлхий дахинд уушги, хөх, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар тэргүүлдэг. Ялангуяа цаашид хөхний хорт хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж. Монгол Улсад жилд 300 орчим хөхний хорт хавдар бүртгэгддэг. Энэ төрлийн хавдрын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх аргын талаар Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Хөхний төвийн эрхлэгч, нийгмийн эрүүл мэндийн магистр, ахлах зэргийн эмч П.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр цээжний хөндийн мэс засалчаас хөхний хавдраар мэргэшсэн юм. Ази, Aмерик, Европын хэд хэдэн оронд мэргэжил дээшлүүлэхдээ олон улсад хөхний хорт хавдрын эрт илрүүлэг сайжирч, эдгэрэх магадлал өндөр буйг олж харжээ. Тиймээс баг, хамт олноороо олон улсын түвшинд хүрч ажиллах том зорилготой ажиллаж байна.
-Хөхний төвийн үйл ажиллагааны талаар эхлээд товч мэдээлэл өгөхгүй юү. Эл төвийг байгуулснаар үйлчилгээний чанар сайжирсан уу. Өдөрт хэчнээн хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ?
-ХСҮТ-ийн Хөхний төв гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хөхний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт ордог. Манай улсын хувьд 45-49 буюу цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд эл хавдар зонхилон тохиолдож байна. Оношлогдож буй хүмүүсийн талаас илүү хувь нь хожуу шатандаа эмнэлэгт ханддаг. Хөхний төвийг үүсгэн байгуулснаар иргэдэд нотолгоо, шинжлэх ухаанд суурилсан олон талт тусламж, үйлчилгээг хүргэхэд дөхөм болсон. Бид өдөрт 60 орчим хүнийг үздэг. Жилд давхардсан тоогоор 15 мянга орчим хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Олон улсад жилд хамгийн багадаа 150-иас дээш хорт хавдрыг оношилж, эмчилж чаддаг, мэс засал, хими, туяа, сэргээн засах болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх чадвартай баг, хамт олонтой байгууллагыг хөхний төв гэж нэрлэдэг. Манайх энэ түвшинд багаа бүрдүүлж, ажиллаж байна.
-Зөвхөн хөхний асуудлаар 15 мянга орчим хүн эмнэлэгт хандсан нь өвчлөл их байгаагийн илрэл байх.
-Хөгжингүй орнуудтай харьцуулахад манай улсад хөхний хорт хавдрын тохиолдол харьцангуй цөөн. Жилд дунджаар 300 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. Эдгээр 15 мянган хүн нь хөхний ямар нэгэн асуудлаар эмнэлэгт ханджээ. Өөрөөр хэлбэл, хөх нь өвдөх, хатгуулах, хоргүй, хортой хавдартай, үрэвсэлтэй зэрэг янз бүрийн зовууриар эмчид үзүүлсэн байна. Үүнээс гадна дүүрэг, орон нутгийн эмнэлэгт энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй. ХСҮТ Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран жилд 4-5 эмчийг хөхний төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтад хамруулдаг. Орон нутагт хавдар судлаач эмч нар бий. Мөн ерөнхий мэс заслын эмч нар хөхний үрэвслийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Зарим аймгийн эмнэлэг хөхний ЭХО-той. Улсын хэмжээнд хөхний рентген буюу маммографийн аппарат дутагдалтай байна. Дүүрэг, орон нутгийн зарим эмнэлэгт эмчилгээний дараах хяналт болон хими эмчилгээ хийж байгаа.
-Хөхний хорт хавдар үүсгэж буй шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нэрлэхгүй юү?
-Хөхний хорт хавдрын эрсдэлийг хоёр ангилж үздэг. Нэгдүгээрт, хянах боломжгүй эрсдэл гэж бий. Энэ нь хүйс. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүйсэнд 98-99 хувьд нь тохиолддог. Эмэгтэй хүн болж төрсөн нь энэ хавдраар өвчлөх эрсдэлийг дагуулж буй юм. Үлдсэн 1-2 хувь нь эрэгтэйчүүдэд тохиолддог. Барууны улсад найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдраар өвдөх магадлалтай байдаг. Дэлхийд тохиолдлын тоогоор тэргүүлдэг хавдар. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр хөхний хавдраар өвдөх эрсдэл ихэсдэг. Бас удамшлын шалтгаан нөлөөлнө. 10 орчим хувьд нь хөхний хавдар үүсэх гений мутац нөлөөлдөг. Хоёрдугаарт, хянаж болохуйц, урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэл юм. Тухайлбал, таргалалт хөхний хавдрын эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг. Биед буй дааврыг хэлбэлзүүлж байдаг. Энгийнээр хэлэхэд таргалалтын улмаас үүсдэг даавруудад хөхний булчирхай маш мэдрэг юм. Мөн архины хэрэглээ. Огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад эрсдэлийг 3-4 дахин нэмэгдүүлдэг. Хөхний хорт хавдраар өвчилж буй эмэгтэйчүүдийн зургаа орчим хувь нь архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг гэсэн зарим судалгаа бий. Түүнчлэн дасгал хөдөлгөөний хомсдол сөргөөр нөлөөлдөг. Урьдчилан сэргийлэхийн тулд биеийн жингээ барих, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе. Нэмээд дааврын эмийн зохисгүй хэрэглээ, хожуу төрөлт, хүүхдээ хөхөөр хооллохгүй байх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.
-Төрсний дараа эмэгтэйчүүд горьдсоноос хөх нь өвдөх, улмаар хавдар болох тохиолдол ажиглагддаг. Энэ нь хэр үндэслэлтэй бол?
-Горьдох гэдэг нь нэг талаас хөхний үрэвсэлт өвчин. Төрсний дараа хөхөө хангалттай сайн суллаж чадахгүйгээс болон ямар нэгэн халдвар орсны улмаас үрэвсэж, сүүний зогсонгишил үүсэж болзошгүй юм. Удаан хугацааны архаг үрэвсэл, хөхөнд нь ямар нэгэн зангилаа, бэрсүү байвал асуудал үүссэн гэсэн үг. Үүнийг ялган оношлох шаардлагатай.
-Ази, ялангуяа Монголд хөхний хорт хавдраар залуу эмэгтэйчүүд голдуу өвдөж байна. Улс орны онцлог нөлөөлж болох уу?
-Барууны орнуудад цэвэршилтийн дараа хөхний хорт тохиолдох нь түгээмэл. Харин манай улсад харьцангуй залуу эмэгтэйчүүд өвдөж байна. Зарим судалгаанд хөхний эдийн нягтралын талаар дурдсан байдаг. Зарим монгол эмэгтэйчүүдийн хувьд хөхний булчирхай, холбогч эдийн нягтрал ихтэй. Бие махбодын онцлог буюу хөхний эдийн нягтрал ихтэй эмэгтэйчүүд уг хавдраар өвдөх эрсдэл ихтэй гэсэн судалгаа бий. Тиймээс үүнийг цаашид нэмж судлах шаардлагатай.
-Хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж буй. Хөхний хорт хавдрын тухайд нөхцөл байдал ямар байна вэ?
-2010 оныхтой харьцуулахад 2019 онд хөхний хорт хавдрын тохиолдлын тоо 1.8 дахин нэмэгдсэн. Дэлхий нийтээр эл хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Өмнө дурдсан таргалалт, хүнсний хэрэглээ зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж буй. 2020 оноос хөхний хорт хавдар дэлхийд тэргүүлэх боллоо. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хэрнээ тооны хувьд ийм өндөр байна. Эрт илрүүлэг, шинжилгээ, вакцинтай холбоотойгоор зарим төрлийн хавдар аажимдаа буурна. Харин хөхний хавдрын тухайд урьдчилан сэргийлэх вакцин байхгүй.
-Тэгэхээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх гол арга нь ямар нэгэн зовуурьгүй байсан ч эмчид үзүүлэх юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Хөхний хорт хавдар эрт үедээ ямар нэгэн зовуурь илэрдэггүй. Ер нь гаднаас нь харж, тэмтрэхэд мэдэгдэхгүй шахам. Хөхнөөс 1-2 см-ээс бага хэмжээтэй хавдрыг хайж олно гэдэг ярвигтай. Тиймээс хөхний эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдаж, ЭХО-д харуулж, маммографийн шинжилгээг 40-70 насанд хоёр жилд нэг удаа өгөхийг зөвлөе. Ингэж байж эрт үед нь илрүүлэх боломжтой. Гэтэл өвдөхгүй л бол бэрсүүтэй байсан ч тоодоггүй хүн цөөнгүй. Хөхөнд нь ямар нэгэн өөрчлөлт байвал даруй эмчид үзүүлэх хэрэгтэй. Сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт, ажлын ачаалал, хүнсний хэрэглээтэй холбоотойгоор хөх өвдөж болдог. Залуу эмэгтэйчүүдэд хоргүй хавдар зонхилон тохиолдох нь бий.
-Эмч нар тавилан сайтай, муутай хавдар гэж ярьдаг. Хөхний хавдрын тухайд эмчилгээний үр дүн ямар байдаг вэ?
-Хэдий чинээ эрт оношлуулна, төдий чинээ төгс эдгэрэх боломжтой. Хавдар жижиг байх тусмаа тухайн хүний амийг авраад зогсохгүй, эрхтнийг нь бүрэн хадгалж үлдэх боломжтой байдаг. Зөвхөн хавдартай хэсгийг авсны дараа шаардлагатай бол эмчилгээ хийнэ. Тэр ч бүү хэл, химийн эмчилгээнд орохгүй байх ч тохиолдол гардаг. Мэс заслын дараа химийн буюу системийн эмчилгээ хийдэг. Энэ нь биеэр тархах магадлалтай хавдрын эсийг дарангуйлдаг. Туяа эмчилгээ нь хэсэг газарт дахин үүсэхээс сэргийлж буй арга юм.
-Таныг АНУ-д сурч байгаад саяхан эх орондоо ирсэн гэж сонслоо. Явсан хүнээс үг сонс гэдэг дээ.
-Та асуусан учраас хариулъя. Би АНУ-ын Бостон хотод Харвардын их сургуульд мэс заслын эмчийн хөтөлбөрт нэг жил суралцсан юм. Мөн Миннесота болон Ютагийн их сургуульд туслах судлаач, мэс заслын эмчээр очиж мэргэжил дээшлүүлсэн. Харвардын их сургуулийн мэс заслын хөтөлбөрөө энэ ондоо дуусгаад, дараагийн хоёр сургалтаа үргэлжлүүлэх юм. Олон улсын хөхний хорт хавдрын эмч гэсэн статусаар суралцаж, судалгааны ажил хийж байгаа. Монголдоо ирээд 10-аад хонож байна. Сурч мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэх, хамт олондоо туршлагаа хуваалцах, төслөө танилцуулахаар ирсэн.
-АНУ-д сурч байхдаа Монголын хавдрын тусламж, үйлчилгээг хэрхэн дүгнэсэн бэ. Алдаа оноо, сайжруулах зүйл юу байна?
-Багаар ажиллах чадвар, эрт илрүүлэг, хяналтын түвшний тогтолцоо АНУ-д маш сайн хөгжсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь сайн учраас хүмүүс цаг алдахгүй, тогтмол эрт илрүүлэг үзлэгтээ хамрагддаг юм билээ. Ингэснээр хавдрыг эрт оношилж, өвчтөний амьдралын чанарыг сайжруулж чаддаг. Бид эрт илрүүлэгтээ анхаарах, багаар ажиллах, эмнэлгийн дотоод сүлжээ, архив, ялангуяа цахим үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Хөгжингүй орнуудаас системийн хувьд суралцах зүйл бидэнд их бий. Хөхний төв анх байгуулагдсан цагаасаа олон улсын удирдамж, зааврыг хамгийн боломжит хэлбэрээр дагаж, мөрдөж, стандартын дагуу эмчилгээ хийж ирсэн. Ажиллавар, мэс заслын онолын хувьд том зөрүү гардаггүй ч улсын нөөц боломжтой холбоотой асуудал тулгардаг. Өөрөөр хэлбэл, эм, тариа, тоног төхөөрөмж, зай талбай, орчин нөхцөлийн хувьд хязгаарлагдмал. Эмчийн ур чадварын хувьд ижил түвшинд хөгжиж байгаа. Үүний дараа тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн тухай ярих боломжтой. Гадаадын орнуудад үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангадаг. Харин манай улс эмнэлгийн ажилчдын ачаалалд суурилж ажиллаж байна.
-Хорт хавдрыг даван туулж яваа хүний сэтгэл зүйг төсөөлөхөд амаргүй. Хөхний хорт хавдрын тухайд гоо сайхны асуудал давхар яригддаг шүү дээ.
-Өвчтөнийхөө сэтгэл зүйг дэмжихийн тулд аль болох хөхийг нь авахгүйгээр, эрсдэл багатайгаар эмчлэх аргыг сүүлийн жилүүдэд маш эрчимтэйгээр нэвтрүүлж байна. Мэс заслын дараах ярилцлага, сэтгэл судлаач эмч нарын ганцаарчилсан болон багийн зөвлөгөө маш чухалд тооцогддог. Гэхдээ үйлчлүүлэгчид маань төдийлөн нээлттэй биш байдаг. Сэтгэл зүйн маш олон асуудлаа ганцаараа даван туулахыг хичээх гэж оролддог.
Мэс засалд орсны дараа эмэгтэйчүүд нөхөн сэргээх хагалгаа хийлгэж болдог. Эл мэс заслыг хоёр аргаар хийж байна. Өөрийнх нь эдээр буюу хэвлий болон нурууны хэсгийн эдээр орлуулах мэс засал хийдэг. Мөн имплантаар нөхөн сэргэх мэс засал хийж болдог. Түүнчлэн дурангийн болон хөхний хорт хавдрын гоо сайхны мэс заслыг олон улсын түвшинд манай эмч нар аль алийг нь хийж байна. Өдөрт дунджаар хортой хавдрын 2-4 мэс засал хийдэг.
-Мэс заслын дараа юунд анхаарах шаардлагатай вэ?
-Хөхний хавдар суганы булчирхайд тархах эрсдэлтэй байдаг. Тиймээс үсэрхийлсэн байх магадлалтай булчирхайг түүсний улмаас гар хавдах, хаван үүсэх талтай. Энэ үед сэргээн засах, хөдөлгөөн засалчийн зөвлөгөөний дагуу массаж, дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Стресс бухимдалгүй байж, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх нь чухал юм.
-Хөхийг бүтнээр нь авснаар хавдрыг бүхэлд нь авч, дахин сэдрэх эрсдэл багатай. Харин зөвхөн хавдартай хэсгийг авбал дутуу үлддэг, үсэрхийлдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Та энэ тухайд мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-Үүнийг аль эрт, 1990-ээд оны үед олон улсад судлаад шийдчихсэн. Ийм эргэлзээ иргэдийн дунд байдаг нь үнэн. Гэхдээ хавдрыг нь бүрэн түүгээд, дараа нь туяа эмчилгээ хийх, эсвэл хөхтэй нь бүтнээр авах хоёрын дунд тухайн өвчтөний амьдрах чадварын хувьд ялгаагүй болохыг дэлхий дахинд тогтоосон. Тиймээс дэлхий нийтээр зөвхөн хавдрыг аваад, эрхтнийг нь хадгалж үлдэхийг эрмэлзэж байна. Энэ нь тухайн хүний амьдралын чанарт сайн, хүндрэл бага, сэтгэл зүйд эерэг нөлөөтэйг олж нээсэн. Том хэмжээтэй хавдар байсан ч системийн эмчилгээгээр багасгаад мэс засал хийх жишээтэй. Зөвхөн хавдрыг нь авч, эрхтнийг хадгалж үлдэх нь хөхний хавдрын эмчилгээний ололт юм.
-Энэ хавдраар эмэгтэйчүүд голдуу өвддөг ч эрэгтэйчүүдэд бас хамаатай. Манай улсад эрэгтэй хүн хөхний хорт хавдраар өвдсөн тохиолдол бүртгэгдсэн үү?
-Тохиолдож байсан. Хөхөнд нь үүсгэвэр, бэрсүү байгаа тохиолдолд эрэгтэйчүүд ч үзүүлэх хэрэгтэй. Эрэгтэйчүүдэд хоёр хувийн эрсдэл бий гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.