Олон улсын түвшинд банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн өөдлөн дэвжиж байхын бэлэгдэл гэж үздэг "Бухын хөшөө" Улаанбаатар хотын худалдааны гудамж болон Бага тойруугийн уулзварт сүндэрлэж, өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн том бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэн соёл болжээ. Энэ жишгээр Монголын санхүүгийн зах зээлийн бэлгэдэл болох Бухын дүрслэлийг өөрийн орны ёс бэлгэдлийг шингээн урласан билээ. Зохиомжийн хувьд бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөнийг хагас дугуй хэлбэрт зохиомжилсон. Энэ нь санхүүгийн зах зээлийн зүй тогтол тойрог, эргэлдэх, өсөж нэмэгдэх гэсэн агуулыг гүн шингээжээ.
Тодруулбал, нүүдэлчин ахуй соёлд мөнх хөх тэнгэрээ дээдлэн шүтэж, бөө удганаараа дамжуулан өглөг тахилаа өргөж, буян хишгийг нь хүртэж ирсэн зан заншил өвлөгдөн ирсэн.
Тэнгэртээ зориулж сүргийн манлайгаасаа сонгон эдэлгээ, уналга, ачлаганаас чөлөөлж сэтэрлэн тавьдаг зан үйлийг билэгдэн, нөгөө талаар дэлхийн дахинаа эдийн засаг, санхүүгийн том бүсүүд, улс орнууд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэнтээ соёлын жишгээр сэтгэлгээний болоод санхүүгийн зах зээлийн бэлгэдэл болох бухын дүрслэлийг өөрийн орны ёс бэлгэдлийг шингээн урласан байна.
Зохиомжийн хувьд бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөний хагас дугуй хэлбэрт оруулан, хүмүүний тоост орчлонгоос нэгэнтээ хөндийрөн агаарт оршиж буй (гадны бухны хөшөө газарт байрладаг бол) хөнгөн байдалтай мэт боловч эрэмгий зоригтой, хүчирхэг харагдахаар, санхүүгийн зах зээлийн зүй тогтол тойрог, эргэлдэн өсөх гэсэн агуулгыг гүн шингээж шийдэж бүтээв. Мөн нартай эвэрээрээ харьцаж буй илтгэж эвэр дээр онгитой урлажээ.
Санхүүгийн зах зээлийн бэлгэдэл бухны хөшөөг тус талбайг диагональдаж, уулзвараас илүү орон зайтай байршуулахаар төлөвлөсөн. Бухны хөшөөг гудамж зам, уулзварын гол хэсэг рүү хандуулан нээлттэй орон зайтай байхаар, хөшөөний ар хэсэгт орон сууцны барилга, үйлчилгээний газруудаас хайрган зам, ногоон байгууламж, чулуун сандалаар тусгаарлах шийдэлтэй аж. Урт нь 5.5 метр, өндөр нь 2.5 метр, суурьтайгаа 3.0 метр өндөр бухын хөшөөг хүрэл цутгамлаар хийжээ. Мөн нийт 325м2 хэмжээтэй. 72м2 талбайг зүлэгжүүлж, 253 м.кв талбайг 4 см зузаан цагаан боржин чулуун хавтангаар хучсан. Хөшөөны боржин чулуун талбайг явган хүний замын зорчих хэсгээс зааглаж илүү тодруулж харагдуулахын тулд хүрээлсэн гэрэлтүүлэг сууриулсан байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд бухын дүрслэлийг хэрэглэж, улсынхаа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хүч чадал, ололт, амжилтыг бэлэгшээдэг уламжлалтай. Энэхүү жишгээр манай улсын хувьд санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зэх зээлийнхээ өсөлт, хөгжлийг бэлэгшээж бухын дүрслэл бүхий хүрэл хөшөөг өөрийн орны ёс заншлыг шингээн урлаж бүтээсэн нь өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. Ийнхүү санхүүгийн салбарт хүчин зүтгэж буй нийт ажилтан, энэ салбарт хувь нэмрээ оруулж буй хүн бүрт зориулж Улаанбаатар хотынхоо энэхүү хэсгийг “Санхүүчдийн талбай” гэж нэрлэж түүн дотроо салбарынхаа онцлогийг шингээсэн бухын хөшөөг босгосон нь томоохон үйл явдал болж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр нийслэлд өнгө нэмж, иргэд, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна. Энэ жил Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 100 жил, Даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байгаагаас гадна Санхүүгийн зохицуулагч байгууллага ялангуяа хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн хугацаанд хөгжлийн түвшин шинэ шатанд гарч, санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүнтэй, дэд бүтэц, технологи, хууль эрх зүйн хувьд олон улсын жишигт нийцсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хөгжлийн түүхэнд хамгийн өндрөөр өсөж, FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) ангилалд албан ёсоор багтсан шинэ өнгө төрх бүхий орчин үеийн зах зээл болж хөгжөөд байна. Хөрөнгийн зах зээлд гарч буй энэхүү өндөр өсөлт нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогын реформ болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр биржийн бус зах зээлийг бий болгох, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах, зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээний үр дүн билээ. Үүнд яалт ч үгүй төр, хувийн хэвшил, дэд бүтцийн байгууллагууд болон зах зээлд оролцогч бусад мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа нөлөөлснийг онцлох нь зүйтэй байх. Түүнчлэн зах зээлийн өсөлт, хөгжилд Монгол Улсын иргэн бүрийн оролцоо ч чухал бөгөөд энэхүү хөшөөгөөрөө дамжуулж хүн бүр хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой болж түүнийг дагаад санхүүгийн салбар маань илүү ихээр хөгжихийг ерөөж байна” хэмээн онцлов.
Хөшөөний нээлтийн ёслолд Монголбанк, Монголын банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, арилжааны банкуудын төлөөлөл оролцлоо.