Манай улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо, “VIP auto” клубтэй хамтран зохион байгуулах олон улсын автомашин, мотоциклын “Power expo & Festival” наадам маргааш эхлэх нь. Энэ сарын 11-нд өндөрлөх тус фестиваль наадамд долоон орны дрифт, мотоциклын дэлхийд алдартай тамирчид оролцохоор Улаанбаатарт хөл тавив. Тухайлбал, Японоос Акинори Үцү тэргүүтэй зургаан тамирчин, нэг шүүгчийн хамт иржээ. Тэрбээр D1 GP топ тамирчдын нэг. Өнгөрсөн жил болсон “Power expo & Festival”-д улсаа төлөөлж өрсөлдөхдөө нийлбэр дүнгээр БНХАУ-ын багт ялагдсан. Тэгвэл өмнөд хөршийн баг дээрх наадамд өөрийн авто машин техникүүдтэйгээ ирж, аварга болж байв. Энэ удаа тэднээс Японы тамирчид даагаа нэхэх нь тодорхой.
БНСУ-аас Зүүн өмнөд Азийн аварга Си Хен, дрифтийн тамирчин Санг Хва, АНУ-аас авто машины тамирчин, модель Сара Чой нислэгээ баталгаажуулснаар Монголд хүрэлцэн ирээд байна. Тэрбээр тус наадмын “International drift cup”-д өрсөлдөхөөс гадна Монголын анхны “Racing top model” тэмцээний зочин шүүгчээр давхар ажиллана. Азийн дрифтийн аваргын цом гардах тамирчныг тодруулах наадмын салхийг хагалж, moto day-motoGP, mopedGP, ebike, cruiser, kids endure мотоциклын уралдаан эхлэхаж. Харин 10-нд cонирхогчид, мэргэжлийн ангилалд өрсөлдөх тамирчдын дрифтийн тэмцээнээр үргэлжлэх юм. Сүүлийн өдөр “International drift cup” олон улсын баг тамирчдын тэмцээнтэй. Фестивалийн үеэр энтертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклын экспо, экстрим тэмцээн, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно