Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д хэлэлцсэн. ХЭҮК-оос хүргүүлсэн илтгэлийг УИХ-ын Байнгын хороо, Чуулганаар хэлэлцдэг болсон нь сайн хэрэг ч тэр өдөр УИХ-ын гишүүдийн ирц тун хангалтгүй байлаа.
-УИХ-аас 2020 онд баталсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын Байнгын хороод, УИХ-ын чуулганаар хэлэлцдэг болсноос гадна холбогдох байгууллагууд бидний хүргүүлсэн шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй болсноороо чухал ач холбогдолтой. ХЭҮК-ын илтгэл яагаад чухал юм бэ гэхээр нийгэмд үүсээд байгаа тогтолцооны шинжтэй асуудлуудыг бид олон талын оролцоотойгоор, цогцоор нь баримттайгаар гаргадаг. Иргэн Дорж, Дулмаагийн бодит кэйсээр дамжуулаад тухайн хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт ямар байгаа тухай судалж, нөхцөл байдлыг бүтэн жилийн хугацаанд үнэлж дүгнэдэг. Энэ бол зөвхөн нэг байгууллагын, нэг салбарын асуудал биш. Нийтээрээ бид зөв буруу, сайн муугаа хэлэлцэх учиртай. Энэ асуудал яг хүний эрхийн зөрчил мөн үү гэдгээ эрэмбэлэхээс эхлээд хамгийн тулгамдсан зүйл нь юу юм, ямар гарц, гаргалгаа, шийдэл байж болох вэ гэдэг дээр бүх шатанд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна. Нэг үеэ бодоход хүний эрхийн асуудалд манайхан идэвхтэй, мэдрэмжтэй ханддаг болсон. УИХ-аас Комиссын жил жилийн илтгэлийг хэлэлцээд тогтоол гаргаж, Засгийн газарт хэрэгжүүлэхийг даалгадаг. Тогтоолын хэрэгжилтийг хангахад дараа нь янз бүрийн үр дагавар үүсдэг учраас гишүүд ямар үг өгүүлбэр, нэр томьёоллоор батлахад эхнээс нь ач холбогдол өгөх хэрэгтэй л байгаа юм.
-Зургаан бүлэг бүхий энэ жилийн илтгэлээс онцлох гол зүйл нь юу байв. Тухайлбал, “Хүний эрх ба цахим технологи” гэсэн бүлэг их сонирхол татаж байна?
-“Хүний эрх ба цахим технологи” гэсэн гуравдугаар бүлэг бол яах аргагүй өнөө цагт анхаарах ёстой чухал сэдэв. Манай улс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд шинэчлэн найруулж баталсан. Түүнээс өмнө Хувь хүний нууцын тухай хууль хэрэгжиж байхад хувь хүн өөрөө нууцаа хамгаалах үүрэгтэй байсан шүү дээ. Шинэ хууль гарснаар цахим технологийн эрин үед хувь хүний нууцыг чухалчилж үздэг болж байгаа юм. Хүний амь нас, эрүүл мэнд чухал гэдэгтэй адилхан хувь хүний нууц бас тийм гэсэн үг. Энэ хуулиар мэдээлэл хариуцагч гэж хэн юм, цааш нь хаа хамаагүй дамжуулахгүйгээр өгөгдлийг хэрхэн цуглуулах вэ гэхчлэн тус тусын үүрэг хариуцлагатай болсон. Тухайлбал, хүний хувийн мэдээллийн халдашгүй байдал маш чухал учраас ХЭҮК үүнд хяналт тавихаар үүрэг хүлээсэн. Энэ дагуу бид анхны илтгэлээ сая УИХ-д өргөн барьсан.
Ерөнхийдөө дэлхий нийтээр цахим шилжилт, шинэ технологи, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ араас хүний эрхийн асуудал нь явдаг, ямар зөрчил, дутагдал ирсэн, тухайн кэйс дээр нь тулгуурлаад шийдэж байна. Бид бусад улс орны энэ алдааг давтах хэрэггүй. Цахим хөгжилтэйгөө хүний эрхийн асуудлыг хамтад нь зэрэгцүүлээд аваад явах боломжтой. Тухайлбал, олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний газар, гудамж талбай зэрэгт камер суурилуулах нь гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх аюулгүй байдал талаасаа чухал. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Хувь хүний орон зай, хил хязгаарыг нь бас тогтоож өгөх ёстой. Технологийн дэвшлийг буруугаар ашиглавал эргээд хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэж болохуйц эрсдэл бий. Тэгэхээр зааг ялгаагаа ойлгоод, тэнцвэрийг хангах ёстой л гэсэн үг. Энэ хүрээнд “Хүний эрх ба технологи” олон нийтийн нээлттэй хяналт, шалгалт явуулсан. Эрүүл мэндийн салбарын болон хууль сахиулах байгууллагын цахимжилт, олон нийтийн газар байршуулж буй камер гэхчлэн хэд хэдэн чиглэлээр салгаж судалсан. Манай улсад тулгамдаж байгаа гол зүйл нь технологийн хөгжлийн асуудлыг салбарууд тус тусдаа са-лангид авч үзээд байгаа нь туйлын өрөөсгөл байна. Ялангуяа хүний эрхтэй холбоотой зөрчлийн асуудалд бүгд бодлого, зорилт, алсын хараагаа нэгтгээд Үндэсний стратегитай болох шаардлагатай байгааг илтгэлээрээ дамжуулж илэрхийлсэн. Одоо бол нийтийн орон зайд цахим технологийг ашиглахдаа дүүрэг, нийслэл тус тусдаа журам гарган хэрэгжүүлдэг. Дотуур байр бол Боловсролын яам, агентлаг, эсвэл тухайн сургууль өөрсдийн журмаар зохицуулдаг.
-Хэрэг хийсэн нь эцэслэн тогтоогдоогүй байхад хүний хувийн мэдээллийг задруулдаг тохиолдол бишгүй. Хэн нэгэн золгүйгээр амиа алдсан бол асуудлыг өөрсдөөсөө холдуулахын тулд ар гэрийнхнийг нь янз бүрээр элдэвлэж, доромжилдог явдал ч газар авлаа. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчөөд ямар хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй үлддэг?
-Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай асуудалд нэлээд зөрчил байгаа, үнэн. “Миний хувийн мэдээллийг банк задруулчихлаа”, “Ажил олгогч маань ингээд буруугаар ашиглачихлаа” гэсэн асуудал, гомдол олон нийтийн сүлжээгээр бишгүй явдаг. Хувийн мэдээллийг нь хамгаалж чадаагүй, задруулна гэдэг бол зүгээр нэг зөрчил биш. Тиймээс хуулийн энэ зүйл, заалт хэрэгжихгүй байгаа бол эрх бүхий байгууллага, хүмүүст нь хариуцлага заавал тооцдог байя гэсэн дүгнэлтийг хүргүүлсэн. Гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа хүний овог нэр, зураг, гэр бүлийн байдал, оршин суугаа хаяг зэргийг олон нийтэд дэлгэх нь олон сөрөг үр дагавартай. Энгийн хүмүүс бол “Энэ нөгөө хэрэгт шалгагдаж байгаа хүн” гээд шууд буруутай мэтээр хүлээж авна. Хуульчид, мэргэжлийн хүмүүс шиг “Буруутай байж болзошгүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа хүн” гэж бодохгүй. Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг гэсгээн цээрлүүлэх, зөвшөөрөлгүйгээр байцаах үйлдлийг Линчийн шүүх гэдэг дээ. “Бид олонхоороо хэлэлцээд чамайг буруутай гэж үзлээ” гээд аваачаад дүүжилчихдэг 18 дугаар зууны үе биш байтал цахим технологийг ингэж буруу зүйлд ашиглаж болохгүй. Үүнээс болоод маш буруу жишиг нийгэмд тогтчихоод байна. Огт гэмгүй ч байж болох хэн нэгнийг зорилготойгоор урьдчилан дайралт хийж, нийгэмд нүд үзүүрлэн жигшүүлдэг. Гэтэл энэ процесс өөрөө нийтийн итгэх итгэлд муугаар нөлөөлдөг. Төрдөө, нийгэмдээ итгэхээ болино. Хэвлэлд итгэхээ болино. Ерөөсөө хэнд ч, юунд ч итгэхээ больдог. Ингэснээр нөгөө талд үнэхээр улс орон, ард түмний эрх ашигт ноцтой аюул учруулахаар нухацтай хэрэг явдал гарчхаад байхад “Дандаа л ийм мэдээлэл явж байдаг” гээд үл тоох хандлага газар авдаг.
-Өнгөрсөн өвөл ээж, гурван дүү нь гэртээ угаартаж нас барсан харамсалтай явдлын үеэр цэргийн хүүг болон талийгаач ээжийг нь элдэвлэсэн цагдаа, хуулийнхны үйлдэл олон нийтийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан. Нийгэм тэднийг хүний эрхийн мэдрэмжтэй байхыг шаардаж, шахалт үзүүлдэг болж. Танайхны шаардлагыг улстөрчид хэр хүлээж авч, хэрэгжүүлэх нь ямар байна вэ?
-Энэ мэт бодит кэйсүүд дээр бид тулгуурлаж ажилладаг. Ялангуяа төрийн байгууллага буруутай байж болзошгүй гэдэг асуудал гарахаар л сөргүүлээд нөгөө хүний хувийн мэдээллийг дэлгэн тавьж, “нийгэмд үнэ цэнгүй хүн” байсан юм шиг ойлгуулах гэдэг. Хүний эрхийн байгууллагаас олон жил ярьсны эцэст энэ тал дээр нийгэм, олон нийтийн хандлага өөрчлөгдөж, цахим хэрэглээний соёлд суралцаж байгаа нь сайн хэрэг. Тухайн хүн хэн ч байж болно, гагцхүү амь нас, эрүүл мэнд, нэр төр, хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй гэдгийг ойлгодог болсон. Гэхдээ нэг зүйл өөрчлөгдөхгүй байна. Энэ бол “Прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсөн мэдээлэлдээ анхаараач ээ. Гэмт хэргийн явцыг, тэгэхдээ хүний хувийн, эмзэг мэдээлэл, ялангуяа шаардлагагүй зүйлсийг битгий нийтэд дэлгэж байгаач. Яагаад цагдан хорьсон, ямар учраас хориогоо сунгахаар болсон зэргийг л мэдээлж байя аа” гэдэг ХЭҮК-ын зөвлөмж, шаардлагыг төрийн байгууллагууд хэрэгжүүлэхдээ тааруу байгаа явдал. Хэд хэдэн кэйсийн дараагаар хүний хувийн шинж байдал, бэлгийн чиг хандлага, гэр бүлийн нөхцөл байдал зэрэг шаардлагагүй мэдээллийг задруулахгүй байх тал дээр прокурорын байгууллага анхаарч эхэлсэн. Энэ бол ардчилсан нийгэмд шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилтийн гол хэлбэр шүү дээ. Тиймээс бид энэ жилийн тайлангийн зургаадугаар бүлгийг “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэж тусгайлан авч үзсэн. Өөрөөр хэлбэл, “Гэм буруугүйд тооцогдох зарчмыг нэг мөр хэрэгжүүлмээр байна. Наана нь хүнийг ингэж сошиалаар ялладаг, буруутгадаг, эсвэл бурууг нь түрүүлж мэдчихээд цагаатгадаг явдал байж таарахгүй” гэсэн шаардлагаа хүргүүлсэн. Улс төрийн эсвэл эдийн засгийн нөлөөлөлтэйгөөр зориуд гутаан доромжилж, нийтийн шүүлтэд аваачиж өгдөг байдлыг болихгүй бол энэ нь манай халдашгүй байх эрхийн маш том зөрчил байсаар байна.
-Танай илтгэлийн дагуу хүний эрхийн төлөв байдалтай холбоотой асуудлаар УИХ-аас дөрвөн удаагийн тогтоол гаргаад Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Хамгийн сүүлийнх нь болох 37 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байна вэ. Хэрэгжүүлэхэд тулгамдаж буй гол хүчин зүйл нь юу вэ?
-Наад захын жишээ бол хүүхдийн асуудал. ХЭҮК олон удаа энэ асуудлыг бүх талаас нь хөндсөн. Гэвч хүүхдийн эрх зөрчигдсөн хэвээр байгаа шалтгаан бол нэгдүгээрт, хууль тогтоомжийн хийдэл, давхардал, хэрэгжилт хангалтгүй явж ирсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, хариуцсан чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, чадамжийн асуудал юм. Гуравдугаарт, төсөв санхүүжилт болон хүн хүчний дутагдалтай байдал нөлөөлж байна. Гэвч нэг үеэ бодоход төрийн зүгээс ч тэр, бусад иргэний нийгмийн байгууллага, иргэдээс ч ахиц мэдрэгддэг болсон. Хүний эрхийг хангахын төлөө бүгдээрээ ажиллах ёстой гэдгээ ухамсарлаж эхэлж байна. Жендер, хүний эрх гэдэг зүйлийг байгууллагынхаа сургалтын төлөвлөгөөнд оруулах зэргээр анхаардаг болчихсон. Сэтгүүлчид бас үүнд нөлөөлж байгаад талархдаг. 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Парламент шинэ стратегиа тодорхойлохдоо “Хүн төвтэй хууль тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэсэн. Засгийн газар бас үйл ажиллагааны хөтөлбөртөө үүнийг тусгасан. Өөрөөр хэлбэл, бид бүх түвшинд асуудлаа олоод харчихсан. Цаашаа хэрхэн яаж урагшлах вэ гэдэг алсын хараагаараа нэгдэх нь чухал. Олон жил яриад байвал яриад л байна. Аль ч өндөр хөгжилтэй улс оронд хүний эрхийг туйлдаа хүртэл хангаж, сайжруулсан гэж хэлж чаддаггүй. Хөгжлийн хэрээр ахиад л асуудал гарч ирдэг. Нүүдэлчин монголчууд саяхныг болтол орон гэрээ цоож, цуургагүй орхидог, айл хөршүүдээрээ дураараа орж гарах бол хэвийн үзэгдэл байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хүний эрхийн асуудал ч үүнтэй л адилхан. Тиймээс бид бусадтай бус, өөрсөдтэйгөө өрсөлдөж, ямар нэг байдлаар урагш ахиж л байх ёстой. Жагсаал цуглааны тухай хуулийн шинэчлэлийг бид хэдэн жил ярьж байгаа. “Ийм хуультай яваад байвал цагдаа, иргэн хоёр талаасаа мөргөлдсөөр л байх болно. Хуулийн зохицуулалт нь ийм юм” гээд бид өчнөөн хэлдэг.
-Жишээ нь, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх гэж 27 жил ярьсан. Хэвлэлийн эрх чөлөөний индек¬сээр манайх “хүнд” ангилалд хэвээр байна. Өдгөө УИХ дээр хэлэлцэгдэж байгаа шинэ төсөлд танайхаас ямар санал тусгасан бэ?
-Бас л олон жил ярьсан хууль шүү дээ. Сэтгүүлчдийн эрх зүйн байдал болохгүй байна, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө илэрхийлэхэд хүний эрхийн наад захын зөрчлүүд гарч, цагдаа, шүүхэд дуудагдах, хоригдсон жишээ ч бэлээхэн байна. Тэгэхээр сэтгүүлчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулъя, эрхийг нь хамгаалъя, эх сурвалжаа нууцалъя, улс төрийн нөлөөллөөс ангид байя, санхүүгийн ил тод байдлаа хангая гэх мэт гол хэдэн асуудлаа ядаж шийдэх хэрэгтэй болов уу. ХЭҮК-оос ч энэ асуудлууд дээр ямар зохицуулалт хийх тухай санал, зөвлөмжөө өгсөөр ирсэн. Ёс зүйн асуудлаа бол тухайн редакц, сэтгүүлч өөрсдөө хариуцаад, салбар дотроо шийдчихдэг байх хэрэгтэй. Сэтгүүлчдийн нэрийг барьж, зорилготойгоор хэвлэл мэдээллийн мэргэжлийн үйл ажиллагааг доройтуулдаг саарал үзэгдлүүд гарч, олон нийтийн итгэлийг унагадаг явдал их байна. Тэгэхээр үүнийг ялгаж, салгахад хэвлэлийнхний өөрсдийнх нь ёс зүйн үлгэрлэл, манлайлал хэрэгтэй гэж үздэг. Ёс зүйн зөрчлөө дотооддоо шийддэг тогтолцоотой байх ёстой гэх мэт санал, зөвлөмжөө хүргүүлсэн, тодорхой хэмжээгээр туссан байгаа. Гэхдээ ганцхан энэ хуулиар эрх зүйн байдлыг бүрэн дээрдүүлж чадахгүй. Цаашид дагалдах хуулиудаа сайжруулах шаардлага мэдээж бий. Энэ хуулийн төслийг тойроод олон удаагийн ярилцлага, хэлэлцүүлэг өрнөж байна. Манайхаас Нарантуяа гээд иргэний болон улс төрийн эрхийг хариуцдаг гишүүн маань голлож ажилласан.
-Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөг хойш чангааж буй нэг хүчин зүйл нь төрийн цензур гэсэн байсан. Үүнийг яавал багасгах боломжтой вэ?
-Сэтгүүлчдийн хэлдэг, халширдаг нэг зүйл нь ерөөсөө энэ. Төрийн цензур. Тийм ч учраас манайх энэ 24 дэх илтгэлийнхээ хоёр дахь бүлэгт “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн байдал” гэж тусгайлан оруулсан. Яагаад гэвэл сэтгүүлч хүний эрх хамгаалагч юм. Нийгэмд өрнөсөн халуун сэдэв дээр хэн нэг сайд, дарга, нөлөө бүхий этгээд сэтгүүлч рүү холбогдож, эх сурвалжаа хэлэхийг гуйх, ятгах, дарамтлах тохиолдол бишгүй. Үүнээсээ болж цагдаагийн байгууллагад дуудагдаж, мэдүүлэг өгөх, цаашлаад шүүхэд очих хүртэл нөлөөлөл үзүүлдэг. Цензур олон янз шүү дээ. Ковидын үеийнх шиг зөвхөн нэг сувгаар мэдээ мэдээлэл өгөх, түгээх, нэг эх сурвалжийг тулгах зэрэг нь ардчилсан улсад байж болохгүй зүйл. Дээрээс заасан нэг цонхоор бус, өөр өөр цонхоор баруун, зүүн, хойд, урд зүгийг харах ёстой биз дээ. Мэдээж үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц онцгой нөхцөл байдалд бол тэрийг ойлгож болно. Гэхдээ ингээд удчихаар нөгөө мэдээллийн чинь үнэн бодит байдал алдагдчихаж байгаа юм. Нууцлах тусам сураг ажгаар юманд хандана, хардана, хөөсөрнө. Олон ургалч үзэл гэдэг бол хүний эрхийг зөрчөөгүй, нийгмийн хэв журмыг гажуудуулаагүй, үндэсний аюулгүй байдалд хор хохиролгүй л бол зэрэгцэн оршиж байх ёстой зүйл. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг яагаад хамгаалах ёстой вэ гэхээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалд байдагчлан бид чинь өөрийн гэсэн оюун ухаантай, нэр төртэй, гол нь хүн бүр адилхан л үнэ цэнтэйд оршиж байгаа юм.
-2024 оны УИХ-ын сонгууль холимог мажоритар тогтолцоогоор явагдсан. Сурталчилгааны цөөхөн хоногт сонгогчид нэр дэвшигчдийг таних, мөрийн хөтөлбөрийг нь шүүж тунгаах боломж хомс байсан. “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэсэн хандлага ч байсан. Сонгуультай холбоотой хүний эрхийн зөрчил, гомдол хэр их гарсан бэ?
-Сонгогч, сонгогдогч аль алин дээр нь нэлээд асуудал гарсан. Сонгогчийн хувьд ямар хүн өөрийнх нь сум, дүүрэг, хороонд нэр дэвшиж байгааг мэдэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Өөрсдийг нь төлөөлөөд төрийн эрх барих дээд байгууллагад дөрвөн жил ажиллах хариуцлагатай хүмүүс шүү дээ. Тиймээс сонгогчдод нэр дэвшигчийн тухай бодит бөгөөд тодорхой мэдээлэл хэрэгтэй байсан. Нухацтай танилцаад хэнийг төлөөлүүлэхээ сонгох ёстой байтал 17 хоногийн сурталчилгаа бол үнэхээр тийм боломж өгөөгүй. Ялангуяа том тойрогт маш хүнд байсан. Иймд бидний зүгээс хугацаагаа сунгах хэрэгтэй гэдгийг сонгуулийн өмнө олонтаа хэлсэн. Шинэ нэр дэвшигчдэд ч хүндхэн байсан. Том суурин газруудаар л очиж амжихаас биш алслагдсан сум, баг, тосгонд хүрч өөрийгөө болон намын мөрийн хөтөлбөрөө таниулах боломж гараагүй. Гэтэл тэр олон шинэ хүн дунд боловсролтой, чадвартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигч нар ч байгаа шүү дээ. Тийм хүмүүс 2-4 удаа сонгогдчихсон нэр дэвшигчидтэй нэг тойрогт өрсөлдөх нь нөгөө л тэгш эрхийн зарчим алдагдсан хэрэг юм. Ижил гарааны нөхцөлгүй, хүч тэнцвэргүй “тулаанд” орсон гэж хэлж болно. Энэ тухай гомдол ч хэд хэд ирсэн. Тиймээс энэ талаарх шаардлага, санал, зөвлөмжөө илтгэлийн нэгдүгээр бүлэгт “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа” гэсэн нэртэйгээр оруулсан байгаа. Улс төрийн намууд ч үүнийг нааштайгаар хүлээж авсан. Сонгуулийн жил болонгуут гэнэт тойрог, тогтолцооны асуудлыг ярьдаг биш, “ямааны мах халуун дээрээ” гэдэг шиг одооноос анхаарах зүйлээ бодолцож, хуулиа хэрхэн өөрчлөхөө ярилцахаар Ажлын хэсэг байгуулчихсан ажиллаж байгаа. Нөгөө талаас өнгөрсөн сонгуулиар гарсан нэг гажуудал нь тойргийн квот, сонгогчийн тоо харилцан адилгүй байсан явдал юм. Зарим тойрогт 40-50 мянган хүний санал авчхаад сонгогдож чадахгүй байхад зарим хэсэгт 13-16 мянган хүний саналаар УИХ-ын гишүүн болсон явдал нь цаашид зайлшгүй анхаарах ёстой зүйл мөн. Үүнийг жигд болгох ёстой. Олон улсын жишгээр бол сонгогчдын дундаж тоо тойрог бүрд 10-15 хувийн зөрүүтэй байхыг зөвшөөрдөг юм байна. Гэтэл өнгөрсөн сонгуулиар манайд энэ зөрүү хоёр дахин их байсан. Газар зүйн байршил, хүн амын тоо, нутаг дэвсгэр нэгжийн онцлогийг харгалзан тойрог байгуулна гэчихсэн байгааг бид “харгалзан биш үндэслэн болгох хэрэгтэй” гэдэг саналаа хүргүүлсэн. Их хурлын гишүүд ер нь ойролцоо тооны сонгогчийг төлөөлдөг байх нь тэгш эрхийн болон шударга ёсны зарчимд нийцнэ шүү дээ.
Л.Ганчимэг