Монгол Улсын төрийн эрх барих байгууллага болох парламентыг атгандаа байлгах гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаархалд саад учраад байна. Тэрбээр өөрийгөө бүхний дарга хэмээн итгэж, УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс хууль тогтоох байгууллагын гишүүнийг доромжлон, гүтгэсэн үйлдэл гаргасан. АН, ХҮН намынхныг Засгийн газартаа нэгтгэж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх учиртай ИЗНН, Үндэсний эвслийнхнийг ч аргандаа оруулсан учраас тэрбээр парламентыг өөрийнхөө хүслээр удирдах болсон юм. Гэвч АН-ынхан бүгд ч бас эрх мэдэлд ухаанаа “оосорлуулчихаагүй” гэдгийг дутуу тооцжээ. УИХ дахь АН-ын бүлгийнхэн түүний эл үйлдлийг “УИХ-аас томилогддог албан тушаалтан нь парламентын дээр гарч сууж, засаглалын эрх мэдлийн гажуудал үүссэний нотолгоо” хэмээн дүгнэв. Улмаар Ерөнхий сайдыг тавдугаар сарын 1-нээс өмнө чуулганы индэр дээрээс гишүүн Ж.Баярмаа болон УИХ-аас уучлал гуйхыг шаардсан. Үгүй бол парламентын хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Гэвч Ерөнхий сайд уучлал гуйсангүй, эсрэгээрээ өөрийгөө хамгаалан, шүүмжилсэн хүмүүсийг харлуулах пиараа бүх сувгаар эхлүүллээ. Түүний ганц сайн чаддаг зүйл нь энэ юм даа.
АСУУДЛЫГ ЖИЖГЭРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА
УИХ-ын гишүүнийг доромжилж, парламентыг басамжилснаа Ерөнхий сайд зүйн хэрэг гэж үзэж буй бололтой. Тиймээс төлбөртэй ажилладаг, Засгийн газрын хамгаалагч болсон сэтгүүлчид, “жүжигчид”-ээр дамжуулан өөрийнхөө үйлдлийг зөвтгөх, бататгах, нөгөө талаар шүүмжилсэн хүмүүсийг харлуулах ажиллагаагаа өрнүүлж байна. Энэ нь үндсэн хоёр хэсэгтэй аж. Юуны өмнө хэтийдсэн эрх мэдэлтэй болсноо булзааруулах оролдлого хийв. Үүний тулд болж өнгөрсөн үйл явдлыг ердөө хоёр улс төрчийн хоорондын маргаан байсан, улс орны ажилд хамаагүй мэтээр тайлбарлаж эхлэв. Ерөнхий сайд бол УИХ-ын гишүүн мөн. Гэхдээ дөрөвдүгээр сарын 25-нд тэрбээр гишүүний биш, Ерөнхий сайд хэмээх парламентаас томилогддог албан тушаалтныхаа хувиар мэдээлэл хийж, асуултад хариулсан. Үүнийг “Засгийн газрын мэдээллийн цаг” гэдэг юм. 2012 онд У.Хүрэлсүх чуулганы танхимын үүдэнд гишүүн Г.Баярсайханыг шанаадан танхайрч байлаа. Энэ бол хоёр гишүүний хооронд үүссэн маргаан, улс орны ажилд үнэхээр хамаагүй явдал мөн. Харин УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлөх, Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхээ эдэлж байхад Ерөнхий сайд нь түүнийг өөр хүний нэрээр дуудан доромжилж, бусдын үгийг дамжуулдаг хэмээн гүтгэх нь байж боломгүй, ямар ч ёс зүйгүй үйлдэл юм. Тиймээс энэ бол УИХ, Засгийн газар гэдэг хоёр институцийн эрх мэдлийн хуваарилалтын асуудал болно. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь хууль тогтоох байгууллагын гишүүний бүрэн эрхэд халдсан гэсэн үг. Иргэд тэнэг биш, УИХ-ыг Ерөнхий сайд нь “баздаг” болчихсон засаглал хоорондын эл гажуудлыг мэдэрч, харж байна. Тэгэхээр хоёр хүний хоорондох хэрэг болгох, бас УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэсэн тайлбар нь үнэндээ явсангүй.
Удаах нь өөрийнх нь эсрэг сөрж дуугарсан АН-ын гишүүд рүү чиглэжээ. Ингэхдээ мэдээж гишүүн Ж.Баярмааг гол дүр болгон хамаатуулахаа мартсангүй. “Ж.Баярмаа бол С.Баярцогтын хүн мөн” гэсэн агуулгатай мэдээлэл цацах захиалгыг ордны гэх тодотголтой зарим сэтгүүлч, АН-ын ахмад гишүүд хэмээх хэсэг хүн, юу ярьж буйгаа ч сайн ойлгохгүй иргэдийн төлөөлөл гүйцэтгэв. Ж.Баярмаа С.Баярцогт гэдэг хүний татаасаар УИХ-ын гишүүн болсон, тиймээс л АН-ын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдсэн гэнэ. Мөнгө л авч байвал агуулгаа ойлгосон, эсэх нь хамаагүй ярих “гэнэн” иргэд бас байлаа. “Ж.Баярмаа гишүүн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эсэргүүцэж байна, ингэж болохгүй” гээд л нэг настай эмэгтэй ярив. Энэ хуулийг нь биш, баялгийн сандаа төвлөрүүлэхээр тооцсон орлого нь тасрах гээд байгааг л асуусан юм. Улмаар эдгээр мэдээллээ АНтай холбож томруулах нь мэдээж. “АН-ынхан сайндаа Ж.Баярмааг өмөөрөөгүй. Эрх мэдэл, албан тушаалд хүрч чадаагүй нэг хэсэг нь үүгээр далимдуулан улс төр хийж байгаа юм” хэмээн бичицгээв. “Фракцын зөрчил, эрх мэдлийн хуваарилалт тойрсон ээлжит, улиг болсон үймээнээ л хийж байна шүү дээ, АН-ынхан” гэж харагдуулахыг зорьжээ. Улс төр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсад эрх мэдэл, засаглалын хуваарилалт алдагдаад, нэг хүнийг хаанчлан шүтдэг болчихвол яах вэ. Үүний сөрөг үр дүн сүүлийн хэдэн жилд ил тодоор харагдаж, мэдрэгдэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сүүлийн хэдэн жилд хумигдаж, ардчилсан тогтолцооноос Монгол Улсыг хэдийн ухраачихлаа. АН-ынхан ард нь улс төр хийсэн ч бай, гол нь уг асуудлыг ярьсан нь өөрөө эрүүл, зөв алхам юм. Ардчилал устчихаагүй байгааг, бүх юмны дарга биш гэдгийг нь Ерөнхий сайдад сануулах л ёстой.
ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛЫГ ДООШ БУУЛГАНА
Эрх мэдлийн хуваарилалт алдагдсаныг залруулахын тулд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд гурван чиглэлээр өөрчлөлт оруулах төслийг АН-ын бүлгээс боловсруулж, яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав. Ерөнхий сайд сард нэг удаа УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийж, асуултад хариулдаг. Долоо хоногийн өмнө гишүүдэд хийх мэдээлэлтэй холбоотой материалыг тарааж, танилцах боломж олгох хуультай. Гэвч бодит байдалд Ерөнхий сайд хүссэн үедээ хийх мэдээллийн агуулгаа өөрчилдөг болсон байна. Дөрөвдүгээр сарын 25-нд ч мөн өөр асуудлаар мэдээлэл хийхээр материал тараасан байсан тухай гишүүн Б.Жаргалан ярьсан. Гэтэл батлаад нэг жил болж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий сайд мэдээлэл хийсэн аж. Тэгвэл Ерөнхий сайд юу ярихаа өөрөө шийддэг энэ байдлыг өөрчилж, УИХ-ын гишүүдийн асуулгын цаг болгохоор төсөлд тусгана. Улмаар Ерөнхий сайд биечлэн ирж, гишүүдийн асуултад хариулах ёстой. Мөн энэ парламент 126 гишүүнтэй. Тэдний нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тиймээс “давхар дээл”-тэй Ерөнхий сайдад чуулганы танхимд тусгайлан суудал засаж, гишүүдийн дээр залардгийг болиулах нь зөв гэв. Үндсэн хуульд парламент 126 гишүүнээс бүрдэнэ гэж заасан тул бусад 125-тайгаа зэрэгцээд зааландаа суух ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн УИХ-ын чуулганд мэдээлэл хийж буй Ерөнхий сайд ч бай, төрийн бусад албан тушаалтан ч бай худал яривал хариуцлага хүлээх, албан тушаалаас нь чөлөөлдөг байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэв. Эдгээр өөрчлөлтийг хийж байж УИХ нь төрийн эрх барих, Засгийн газар нь гүйцэтгэх байгуул¬лага шиг байх зөв зарчимдаа орно гэж АН-ынхан үзжээ. Гишүүн Х.Тэмүүжин энэ талаар “Ингэж байж эрх мэдлийн хуваарилалтын гажуудлыг засна. Улмаар УИХ-ын гишүүн ажлаа хэн нэгний айлган сүрдүүлэлт, доромжлолын дор хийдгийг зогсоож, парламент мэтгэлцээний зарчимдаа шилжих боломж бүрдэх юм. Улмаар парламент нь УИХ шиг, Засгийн газар нь гүйцэтгэх засаглал шигээ байх болно” гэсэн юм.
МАН ӨӨРӨӨ ЯАГААД ИРЦЭЭ БҮРДҮҮЛСЭНГҮЙ ВЭ
Ерөнхий сайдад олгосон уучлал гуйх хугацаа нь дууссан тул АН-ынхан энэ сарын 1-нээс чуулганы хуралдаанд оролцоогүй. Тэгмэгц “АН-ынхан ирцээр бойкотоллоо. ХЭҮК-оос маш чухал илтгэл, тайлан хэлэлцүүлж байхад орж ирсэнгүй, ирц бүрдүүлсэнгүй. Иргэдийнх нь амьдрал, эрхийн асуудал тэдэнд хамаагүй юм байна” гэсэн мэдээлэл цацагдав. Уг нь МАН дангаараа 68 гишүүнтэй. Тус намын гишүүд энэ парламентын 54 хувийг бүрдүүлдэг гэсэн үг. Үүн дээр ХҮН намын найм, ИЗНН, Үндэсний эвслийн тус бүр дөрвөн гишүүн нэмэгдэхэд АНын 42 байсан ч, үгүй ч парламентын үйл ажиллагаа ямар нэгэн саадгүй үргэлжилнэ. Гэтэл АН-ынхан хуралд суухгүй гэсэн сургаар МАНын гишүүд нь ч ажлаа таслаад явсан бололтой. Эсвэл тэднийг муухай харагдуулахын тулд зориуд нэг хэсэг гишүүнээ “таслуулсан” байж болох уу. Бид хардах эрхтэй. Харин АН-ын бүлгийн дарга Д.Цогтгэрэл “Бид чуулганы хуралдаанд суугаагүй ч Төрийн ордонд, ажлын байран дээрээ байгаа” гэсэн тайлбар өгчээ.
МАН өөрөө ирцээ бүрдүүлээд, асуудлаа хэлэлцэж чадаагүй атлаа АН-ынхныг буруутгасан нь энэ. Уг нь ирцээ бүрдүүлэх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэг. Намынхаа 68 хүнийг цуглуулж, ажилд нь ирүүлж чадаагүй атлаа тэрбээр АН-ынхныг “Хэндээ эрхлээд байгаа юм. УИХ-ын үйл ажиллагаа бол хэн нэгэн юм уу, хэсэг бүлэг хүний хоорондоо ойлголцоогүй, бие биеэ эмзэглүүлэх үг хэлсний төлөө гацаж саатаж байдаг зүйл биш. Би өглөө завсарлага өгөхдөө хэн нэгэн уучлал гуйх, үгүйтэй холбоотой асуудал яриагүй. Дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэж буй асуудлаар завсарлага өгсөн” гэсэн юм. Өөрийнх нь үед парламент хэр¬хэн эрх мэдлээ алдаж, Ерөнхий сайдын өлмий дор “сөгддөг” болсон нь түүнд хамаагүй аж. Засаглалын эрх мэдлийн хуваарилалт алдагдсаныг баталсан дээрх үйл явдал Д.Амарбаясгалан даргын хувьд ердөө л хоёр хүний үл ойлголцол, гомдсон, туньсан асуудал байх нь. Ийм л унхиагүй, намынхаа даалгаврыг ягштал бие - лүүлдэг УИХ-ын даргатай байхад парламентын чадавх сайжрахгүй нь ч аргагүй.
Нөгөө талаар МАН 1996-2000 онд цөөнх байхдаа 120 орчим удаа хурал хаяж байсан түүх бий. Мөн 2013 онд тус намын архаг улс төрчид “буйдантай суулт” зарлаж, чуулганы танхимын үүдийг таглан, нэлээд хэд хоног эсэргүүцлээ илэрхийлж, төрийн ажлыг гацааж байсныг иргэд мартаагүй. Өөрсдөө хоёр удаа цөөнх байхдаа ийнхүү хүссэнээрээ завсарлага авч, чуулганы хуралдаан хийх боломжийг хааж явснаа өнөөдөр тэд мартчихжээ.
АН-ынхан ямартай ч засаглалын хямрал, гажуудлыг засахын тулд ийнхүү нэг алхам хийлээ. Гэвч үнэхээр л Ерөнхий сайдад хариуцлага тооцъё гэвэл Засгийн газраас гарах ёстой гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байна. Тэгвэл тэд “Бид Засгийн газраас гарахгүй” гэсэн байна лээ. Асуудлыг тэгтэл “хүндрүүлэхгүйгээр” гажуудлыг наагуур нь засахыг хүсэв бололтой. Гэвч тийм бодит боломж бий юү. Тэдний өргөн барих төслийг УИХ-ын олонх дэмжихгүй л болов уу. Тэгэхээр нэг л дутуудсан алхам болоод буй юм. Хэдий тийм ч АН-ын бүлгийнхний эл шийдвэр Монголд ардчилсан тогтолцоо бөхчихөөгүй, бөөр нь бөгсөнд, цэр нь цээжинд байх ёстойг сануулсан дохио болж чадсан гэж найдна.