Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх, айл өрхийг орон сууцаар хангах бодлогын хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлж эхлээд 5-6 жил өнгөрч байна. 2019 онд төслийн нэгжийг байгуулж, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж байсан бол цар тахлын жилүүдэд үйл ажиллагаа нь саатсаныг хүмүүс санаж буй нь лавтай.
Сүхбаатар дүүргийн IX хорооны нутагт хэрэгжиж буй уг төслийн хүрээнд БНХАУын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орон сууцууд барьж эхэлсэн. Нийт 84 833 ам метр талбай бүхий 21 давхар, зоорьтой, найман блок барилга барихаар төлөвлөн угсралтыг нь хийж байгаа билээ. Мөн дэргэдээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгтэй байхаар төлөвлөсөн. Эл төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК ажиллаж байгаа юм. Тэгвэл эл компанийнхан туслан гүйцэтгэгч Монгол Улсын аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө хугацаанд нь хийдэггүйгээс монгол ажилчид хохирч, Цагаан сарын өмнө цалингаа ч авч чадахгүй нөхцөл байдалд хүрч байв. “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийнхан тухайн үед туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийнхэнтэй тохиролцоо хийж байна, учраа ололцож байгаа мэтээр тайлбарлан дээрх төслийн талбайн гадна талд суулт хийж байсан ажилчдыг нь “уяраан” тарааж байсан юм. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, туслан гүйцэтгэгч Монголын компаниудын мөнгийг өгөхгүй элдэв арга саам хэрэглэсээр буй аж.
ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧДИЙН НЭГЭНД НЬ ГЭХЭД 2.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОХГҮЙ ГҮРИЙВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн нэгж уг ажлыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, захиалагч нь гэсэн үг. Уг нэгжийн албан тушаалтнуудын мэдээлснээр ерөнхий гүйцэтгэгч “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-тай АТТАЧР болон “Сэртэн” гэх компани туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж хамтарч буй аж. Эдгээр туслан гүйцэтгэгч компанийнхан БНХАУ-ын аж ахуйн нэгжээс хийсэн ажлынхаа төлбөрийг гаргуулж авч чадахгүй байгаа учраас “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн нэгжийн удирдлагад гомдол гаргасан ч үр дүнд хүрэлгүй өдий хүрэв. Тус төслийн нэгжийн удирдлага нь “Маргалдагч талууд харилцан ойлголцож асуудлаа шийдвэрлэхийг зөвлөж байна” гэсэн албан бичиг л өгч. Үүнийгээ “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац”, АТТАЧР ХХК-ийн хооронд үүссэн маргаан хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төслийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” хэмээн тайлбарлажээ.
Эл төслийн туслан гүйцэтгэгчдийн нэг АТТАЧР компанийнхан уг 1008 айлын орон сууцын таван блок барилгын халаалт, агаар сэлгэлт, цахилгааны ажлыг хийх гэрээг 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд байгуулан хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн аж. Тус компанийнхан ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахад “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-иас “Гүйцэтгэлийн баталгаанд гэрээний үнийн дүнгийн таван хувьтай дүйцэх буюу 178.7 сая төгрөгийг гүйцэтгэгчийн Худалдаа, хөгжлийн банк дахь дансанд байр¬шуулах” шаардлага тавьсан байна. Мөн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт бүрээс 30 хувийг нь барьцаа болгон суутгахаар болсон гэнэ. Энэ суутгалд 2023 оны зургаадугаар сарын 9-нөөс энэ оны нэгдүгээр сарын 17 хүртэлх хугацаанд 1.6 сая гаруй юань буюу 787.5 сая төгрөг өмнөд хөршийн аж ахуйн нэгжийнхэн авчээ. Харин уг мөнгө “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банк дахь дансанд бүтнээрээ байгаа, эсэхэд туслан гүйцэтгэгч талынхан эргэлзэж буйгаа холбогдох байгууллагынханд гаргасан гомдолдоо дурдсан байв. Уг мөнгөө авч чадахгүй байгаагаас ажилчдынхаа цалин хөлс, татвар, бусад зардал, өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн гэнэ. Тиймээс Цагаан сарын үеэр ажилчид нь төслийн талбайн гадна талд суулт зарласан ч үр дүнд хүрээгүйг өмнө дурдсан.
АТТАЧР ХХК-ийнхан сантехникийн угсралтын явцад төлөвлөгөөнд тусгаагүй, барилгын цутгалтыг хийсэн аж ахуйн нэгжийн буруугаас нэмэлт ажил ихээр хийж, багагүй хэмжээний зардал гаргасан аж. Тухайлбал, барилгын суурийг цутгасан аж ахуйн нэгжийнхэн сантехникийн, агаар сэлгэлтийн хоолойг суурилуулах нүх гаргалгүй битүү каркас угсарчихаж. Үүнийг нь ерөнхий гүйцэтгэгч нь үл ойшоон хүлээн авснаас өөр нэг аж ахуйн нэгжид нь илүү зардал гарах, алдагдал хүлээх эрсдэл үүсчхээд буй юм. АТТАЧР ХХК-ийнхан давхар хооронд сантехник, агаар сэлгэлтийн нүхнүүд гаргахын тулд тусгай яндан өрөм ажиллуулж цоолон нэмэлт ажил хийжээ. Үүнд л гэхэд 909.4 сая төгрөг зарцуулсан гэнэ. Мөн сантехникийн хоолой гаргахад ашигласан төхөөрөмж бэлтгэх ажилд 6.8 сая, угсрах үед дутагдсан эд зүйлийг барилгын материал импортолдог аж ахуйн нэгжүүдээс худалдан авахад 29.2 сая гаруй төгрөг зарцуулжээ. Ерөнхий гүйцэтгэгч “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийнхан ажлаа яаралтай хийж дуусга, халаалт дулаанаа авах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсаар байсан учир туслан гүйцэтгэгч компанийнхан ийнхүү өр зээл тавьж, өөрсдөөсөө хөрөнгө гарган дутуу зүйлүүдийг нь авч гүйцэтгэсэн гэдгээ тайлбарлаж холбогдох байгууллагад гомдол гаргасан юм билээ. Энэ бүхнийгээ сан¬хүүгийн баримтын хамт ерөнхий гүйцэтгэгч талд хүлээлгэн өгсөөр ирж. Нэмэлт ажлын зардал, гэрээ байгуулахад барьцаалсан мөнгө, гүйцэтгэлийн санхүүжилт бүрээс суутгасан хөрөнгө нийлсээр 2.4 тэрбум төгрөгт хүрч, ерөнхий гүйцэтгэгч “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийнхан өгөхгүй гүрийж, АТТАЧР ХХК-ийнхан нэхсээр туйлдаж буй гэхэд хилсдэхгүй. Уг нь “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийнхан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхны тавьсан шаардлагаар нэмэлт ажил хийхээр болсон бөгөөд үүнийгээ АТТАЧР ХХК-ийнханд хандан “Танай компани хийчих. Бид нэмэлт ажлын гэрээ байгуулж төлбөр тооцоог нь төлнө” хэмээсэн нь хулхин дээр нь цэцэг ургуулна гэгч болсон бололтой.
ХИЙЛГЭСЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЧ БАТАЛГААЖУУЛСАН Ч “ЛУУ УНЖИЖ” БАЙГАА НЬ ХАЧИРХАЛТАЙ
“Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийнхны өмнөд хөршөөс захиалсан бараа, материал цаг хугацаандаа ирдэггүй, төсөл хэрэгжиж буй талбайд буулгадаггүй зэргээс шалтгаалж ажил нь удаашрах тохиолдол нэг бус байж. Энэ үед зарим шаардлагатай материал дутагдаж, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийнхэн шаардахад “Танай байгууллага өөрсдөө худалдаж аваад ажлаа зогсоохгүй хийж гүйцэтгэж бай, төлбөр тооцоог нь бид төлнө” хэмээдэг. Үүнийх нь дагуу бараа, материалыг ерөнхий гүйцэтгэгч компанийн нярав, инженер, техникийн ажилтнуудын хамтаар тоолон хү¬лээн авч, санхүүгийн баримтыг нь ч хүлээлгэн өгдөг аж. Туслан гүйцэтгэгч нар “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын ард түмэнд үзүүлж буй орон сууцын төсөлд хувь нэмрээ оруулж буй учраас хугацаа алдалгүй чанартай хийж гүйцэтгэж байна. Гэвч ерөнхий гүйцэтгэгч компанийнхан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг баримталдаггүй, буцалтгүй тусламжаар барьж байна гэдгээрээ түрээ барьж аливаа асуудлыг өөрсдийн дураар шийдвэрлэж, Монголын аж ахуйн нэгжүүдийг хохироож байна” хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд удаа дараа гомдол гаргасан аж. Уг гомдлынх нь дагуу “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн нэгжээс ч, тус яамны Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газраас ч “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-д албан бичиг хүргүүлсэн юм байна. Харамсалтай нь, ерөнхий гүйцэтгэгч компанийнхан үр дүнтэй шийдвэр гаргахгүй, Монголын аж ахуйн нэгжүүд, тэдний ажилчдын үгийг нохой хуцсан чинээ тоож үзэхгүй байгаа бололтой. Өнгөрсөн оны арванхоёр, энэ оны хоёрдугаар сараас хойш одоо болтол гарын үсэг зурж, баталгаажуулж авсан ажлынхаа төлбөрийг өгөхгүй байгаа нь ийн хэлэхэд хүргэж буй юм. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-д өгсөн албан бичигт “Гомдолд дурдсан асуудлуудыг холбогдох хууль тогтоомж, гэрээний хүрээнд шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч, тус яаманд хариу мэдэгдэнэ үү” хэмээсэн байхад эргэн хариу өгсөн, эсэх нь ч тодорхойгүй байна.
ГЭРЭЭНД ТУСГААГҮЙ АРБИТРААР МАРГААНАА ШИЙДВЭРЛҮҮЛНЭ ГЭВ ҮҮ
Туслан гүйцэтгэгч компаниуд нь мөнгөө авч чадахгүй байгаа учраас удаа дараа гомдол гаргасантай холбоотойгоор “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-иас гэрээ цуцлах тухай мэдэгдэл энэ оны хоёрдугаар сарын 20-нд өгчээ. Тухайлбал, АТТАЧР ХХК-д өгсөн мэдэгдэлд “Танай компани 2024 оны эхээр ажиллах хүчээ зохион байгуулан талбайд орсноос хойш ажлын хүч хангалтгүй байсаар байна. Бас дулааны болон агааржуулалтын шугамын угсралтын явцад алдаа их гарч, их хэмжээний засвар хийх шаардлага үүссэн. Материал ашиглалтын төлөвлөгөө гаргаж ирүүлэх шаардлага удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээний төлөвлөгөө гаргаж өгөөгүй байна. Хийх ажлын цар хүрээ, тоо хэмжээ нь гэрээний агуулгад маш тодорхой тусгагдсан боловч танай компани удаа дараа шалтгаан тоочиж нэгдсэн гараашид хийх мэргэжлийн ажлаас татгалзаж, одоог хүртэл цөөн тооны агааржуулалтын ажил хийгдсэн байгаа. Үүнээс шалтгаалж төслийн ажлыг урагшлуулж чадахгүй, өвөл нэгдсэн гарааш дулаанаа авах боломжгүй болсон. Танай талд дэмжлэг үзүүлж тодорхой санхүүжилт шилжүүлж, ажлаа эрчимжүүлэх боломжийг олгосон ч үл тоомсорлосон хандлагатай ажиллаж байна. Манай талаас удаа дараа сануулсан боловч танайх зохистой хугацаанд асуудлыг засаж зал¬руулаагүй тул төслийн албанаас гэрээг цуцлах тухай албан бичиг хүргүүлж байна. Мөн гэрээний дагуу 201 422 юань аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлын зардалд суутгах болохыг мэдэгдье. Цаашид хэлэлцээ хийх шаардлагатай асуудал гарвал хоёр тал найрсаг хэлэлцээгээр, эсвэл Бээжингийн олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороогоор шийдвэрлүүлэх болно” хэмээсэн байна.
АТТАЧР ХХК-ийнхны тайлбарлаж буйгаар хамтран ажиллах ерөнхий гэрээнд Бээжингийн арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх талаар тусгаагүй атлаа гэрээ цуцлах мэдэгдэлд ийн бичсэн нь ойлгомжгүй юм. Ерөнхий гүйцэтгэгчээс тавьсан шаардлагын дагуу зохих ёсоор ажлаа хийж, өвлийн улиралд дулаанаа авах боломжийг бид өөрсдөөсөө хөрөнгө гаргаж бүрдүүлж өгсөн. Биднээр хийлгэсэн, холбогдох ажилтнууд нь гарын үсгээ зурж, баталгаажуулж тамга тэмдгээ дарсан ажил, тайлангаа үгүйсгэж байгааг ч ойлгохгүй байна гэсэн юм.
БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж буй “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн ерөнхий гүйцэтгэгч “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК Монголын аж ахуйн нэгжүүдээр хийлгэсэн ажлынхаа төлбөрийг өгөөгүйгээс үүдэлтэй маргаан ийнхүү дэгдээд байна. Мөнгөний эзэн, санхүүжүүлэгч талынхан ялах уу, ажлаа хийчихээд төлбөрөө авч чадаагүй Монголын компаниуд хохироод үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.