Улаанбаатарыг 14 хот болгон хуваах гэж буйг эсэргүүцэн, иргэн Д.Үүрцайх, Т.Золбоот, Ц.Лут-Очир нар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдээлсэн юм. Тэд Х.Нямбаатарын эл шийдвэрийг даруй зогсоохыг цэцийн гишүүдээс хүссэн юм. Иргэн Д.Үүрцайх “Энэ бол хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын санаачилсан ажил. Үүнийгээ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заасан, нийслэлд хотын бүх эрх мэдлийг төвлөрүүлснийг “задалж” байна гэж муйхарласан. Х.Нямбаатарын энэ галзуурлыг Үндсэн хуулийн цэц зогсоох хэрэгтэй. Улаанбаатарыг 14 хот болгон хуваачхаар иргэд эдэлбэр газар¬гүй, цаашлаад хүн амгүй болно. Тэнд хэн төрийн удирдлагыг хэрэгжүүлэх юм бэ. Үндсэн хуульд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх нь зөвхөн иргэдийн төлөөлөгч, нутгийн өөрөө удирдах байгууллагад олгогдсон. Тус хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр орон нутгийн удирдлага, иргэдийн хурлын зарим бүрэн эрхийг хот, тосгоны захиргаанд шилжүүлнэ гэж заасан. Түүнийг хэрэгжүүлэх нэрээр Х.Нямбаатар ИТХ-ын эрх мэдлийг үгүй хийж байна. Үүнээс болоод иргэд орон нутгийнхаа асуудлыг бие даан хэлэлцэх, шийдвэрлэх эрхгүй боллоо” гэв. Тэгвэл иргэн Ц.Лут-Очир “Жишээ нь, Баянхошуу, Толгойт тусдаа статустай боллоо гэхэд тухайн хотын орлого нь юу байх вэ. Яг үнэндээ эдгээр бүсэд томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж байхгүй. Орлогогүй л байгаа шүү дээ. Нийслэлийг олон хотод хуваачхаар тохижилт, үйлчилгээнийхээ зардлыг ч дийлэхгүйд хүрнэ. Иргэд нийгмийн үйлчилгээ авч чадахгүй болно. Иргэдийн амьдрал сайжрахгүй, харин ч улам дордоно. Нэг ёсондоо баян, ядуугийн ялгаа улам нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баячуудын дүүрэг, ядуусын хорооллууд бий болж, талцал хуваагдал дээд цэгтээ хүрнэ. Х.Нямбаатарын зардал хэмнэх тухай мөрөөдөл амьдралд хэзээ ч хэрэгжихгүй” гэсэн юм.
О.Оргилох