Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Хүнд суртлын индекс ба өртөг” судалгааны үр дүнг танилцууллаа. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын индексийг тав хүртэлх оноогоор илэрхийлдэг бөгөөд 2024 оны судалгаагаар 2.85 гэсэн үнэлгээтэй гарчээ. Энэ нь 2021 оныхтой харьцуулахад 0.13 нэгжээр сайжирсан үзүүлэлт боловч цар тахлаас өмнөх үеийн түвшинд хүрч чадаагүй байна. Мөн бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээг авахдаа дунджаар 12 хоног зарцуулдаг бөгөөд тэдний 65 хувь нь төрийн байгууллагад ижил мэдээллийг олон дахин өгдөг нь дарамт учруулдаг гэж үзжээ. Төрийн үйлчилгээ авахад шаардлагатай мэдээллүүд нь ил тод биш, хүртээмжгүй, бодлого боловсруулахад бизнесийн бодит оролцоо хангалтгүй, давхардсан зохицуулалт олон зэрэг нь эл индекс дорвитой сайжрахгүй байгаагийн гол шалтгаан аж. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагын ерөнхий үнэлгээ нь бусад үзүүлэлттэй харьцуулахад сайжирсан боловч байгууллагуудын уялдаа холбоо муу буюу хүнд суртал ихтэй гэсэн үр дүн гарчээ. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од “Хүнд суртлын индекс ба өртөг” судалгааг бид Олон улсын хөдөлмөрийн байгууллагынхантай хамтран эдийн засгийг албажуулах санаачилгын хүрээнд анх удаа хийлээ. Ингэхдээ зөвхөн төрийн үйлчилгээний хүнд суртал төдийгүй бизнесийн өртөг болон жижиг, дунд, гарааны бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл бэрх¬шээл тулгарч буйг тодруулахаар зорилоо. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул хэвээрээ байна. Жишээлбэл, татварын тайлан өгөх, зөвшөөрөл авах, бүртгэл хийлгэхэд давхардсан баримт бичиг шаарддаг. Эсвэл тайлангаа цахимаар өгчхөөд байхад заавал цаасаар өг гэдэг. Үндсэндээ төрийн үйлчилгээний хүнд суртал гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд хамгийн хүнд тусдаг” гэсэн юм.
У.Сүрэн