Эрүүл амьдралын хэвшилд хүрээлэн буй орчноос гадна эрүүл, зөв хооллолт чухал үүрэгтэй билээ. Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн дунд хоол хүнсний буруу хэрэглээ болон хадгалалтаас шалтгаалсан хордлогын эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэ үед хоол хүнсээ хэрхэн хадгалах болон зөв зохистой хэрэглэх талаарх зөвлөгөөг хүргэе.
Урин дулааны улиралд агаарын температураас шалтгаалан хоол, хүнсний бүтээгдэхүүн муудах эрсдэл нэмэгддэг. Тиймээс худалдаж авсан бүтээгдэхүүнээ нэг цагийн дотор хөргөгчдөө хийж хэвших хэрэгтэй. Хэрэв хэт халуунд дөрөв ба түүнээс дээш цаг хадгалсан бол шууд хаях ёстой гэнэ. Учир нь хүнсний бүтээгдэхүүнийг халуунд удаан хадгалах нь нян өсөж, үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг аж. Түүнчлэн иргэдийн хамгийн сайн мэддэг боловч тэр бүр хэрэгжүүлдэггүй дадал бол хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа болон үйлдвэрлэсэн огноог харах явдал. Аялал зугаалгын үе эхлэхэд иргэд олон төрлийн нөөшилсөн болон даршилсан ногоог түгээмэл хэрэглэдэг.
Гэтэл тэдгээрийнхээ хадгалах болон үйлдвэрлэсэн хугацааг анзаардаггүй. Үүнээс үүдэн хордлого авах, элэг гэмтэх зэрэг олон төрлийн эрсдэлтэй тулгарч болно. Тодруулбал, янз бүрийн хоол амтлагч, хоносон хоол болон савласан, нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэх нь элэг гэмтэхэд хүргэдэг юм байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа орц найрлагыг нь маш сайн анхаарах нь чухал юм. Жишээлбэл, удаан хадгалдаг байна уу, нөөшлөхөд зориулсан найрлагатай юу гэдгийг анхаарч, харах хэрэгтэй. Мөн баглаа, боодолгүй, гудамжинд зарж буй бүтээгдэхүүнийг авахаас зайлсхийвэл зохистой. Бас аливаа бүтээгдэхүүнийг хуванцар бус, паалантай саванд хадгалах нь эрүүл мэндэд тустай аж. Хуванцар сав нь хүний биед хортойгоос гадна хадгалж буй хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн салад зэрэг амархан муудах магадлалтай бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалалгүй гадна орчинд хоёроос дээш цаг үлдээх хэрэггүй. Энэ нь бичил биетэн үүсгэх аюултай юм.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн