Парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд буюу “нүүрсний сонсгол”-д олон нийт анхаарал хандуулсан үеэр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай 112 дугаар тогтоол баталсан. Үүгээр таван бүсэд хамаарах нийт 13 тойрог байгуулж, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд сонгуулийн хоёр, гуравдугаар тойрогт баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, нэг, дөрөвдүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, тав, долоодугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, зургаадугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, 8-13 дугаар тойрогт Улаанбаатарын бүх дүүргийг хамруулан тогтоосон билээ. Харин дээрх тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн нэр бүхий иргэд Цэцэд хандаад буй аж. Иргэдийн зүгээс тус тусдаа гурван мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан юм байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу эдгээр мэдээллийг Цэцийн гишүүн хянаж, маргаан үүсгэх, эсэхийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ. Маргаан үүсгэн, дунд суудлын хуралдаан зарлавал айсуй сонгуулийг 13 том тойргоор явуулах, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн үг.
Иргэдээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн маргаан үүсгэх, эсэхийг 14 хоногийн дотор шийдэх ёстой. Тухайн шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч, бичгээр гомдол гаргавал Үндсэн хуулийн цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар дахин хянан хэлэлцэж, маргаан үүсгэх, эсэх талаар эцсийн цэгийг хатгах юм. Ингээд маргаан үүсгэсэн тохиолдолд дунд суудлын хуралдаанд 30 хоногийн дотор бэлтгэх ёстой. Магадгүй эл хугацаанд амжихгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болох зохицуулалт бий.
Ямартай ч уг тогтоолын бэх нь хатаж амжаагүй байхад шахам гарсан “Цэцэд өгнө” гэх яриа ийн “амилав”. Хууль тогтоогчдын хувьд Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэн, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, төвлөрлийг бууруулан, хөгжлийн төвүүдийг бий болгох замаар Монгол Улсыг цэнгэлийн манлайд хүргэнэ гэж цэцэрхсээр эл тогтоолыг баталсан. Ингэхдээ 2001 онд буюу 20 гаруй жилийн өмнө батлаад мартчихсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хэмээх бодлогын баримт бичгийг бамбай болгон зүтгүүлсээр алх цохисон билээ. Тиймээс ч УИХ-ын 2023 оны 112 дугаар тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх үеэс эрх баригчид бүсчлэн хөгжүүлэх нэрээр өөрсдөдөө ашигтай, сонгогдох магадлалаа нэмэгдүүлсэн хувилбар батлах гэж байна хэмээн зарим судлаач, иргэний нийгмийн байгууллагынхан шүүмжилсэн юм. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолыг 2001 онд баталснаас хойш энэ чиглэлээр ядаж сүүлийн найман жил эрх барьсан намынхан юу хийв, яагаад сонгуулийн тойргийг бүсчлэн байгуулав гэх мэтээр олон янзын байр суурь хөвөрсөн юм даг.
Мөн сонгуулийн санал хураалтаас нэг жилээс багагүй хугацааны өмнө хууль тогтоомжийг нь өөрчилж болохгүй гэж хатуу заасны хэргийг гаргасангүй хэмээж байлаа. Уг нь энэ хязгаарлалт бол үе үеийн эрх баригчдыг өөрсдөдөө ашигтай хувилбар зохиохгүй, сонгуулийн оролцоог бүх нам, эвсэл, сонгогчдод ижил тэгш, ойлгомжтой байлгах баталгаа юм. Харамсалтай нь, тойргийг тогтоосон шийдвэр нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд олон талаар төвөгтэй байдал үүсгэх нь тэр.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн онд батлах үеэр пропорционал буюу хувь тэнцүүлэх тогтолцоонд бүрэн шилжих боломжгүй, орон нутгийн иргэдийг төлөөлөх зарчмыг алдагдуулна гэж үзээд 126 гишүүний дийлэнх олонх болох 78-ыг нь тойргоос сонгохоор шийдсэн. Гэтэл хэдхэн сарын дараа аймаг, дүүргүүдийг нэгтгэх байдлаар тойргийг бүсчилж байгуулсан нь энэ. Манай улс төрчид Монгол шиг өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суудаг сонгогчид болон хууль тогтоох байгууллагад суух тэдний төлөөллийн хоорондох харилцаа улам холдоно, төлөөллийн ардчиллын зарчимд сөргөөр нөлөөлнө гэж ятгаж, сэнхрүүлсээр мажоритар тогтолцоог зүтгүүлж ирснийг нь ч мартах учиргүй.
Үүнээс гадна тойргоос сонгохоор нэмэгдсэн хоёр мандатыг нийслэлд биш, аймаг, орон нутгийнхад хуваарилсан нь ч шүүмжлэл дагуулсан. УИХ-ын гишүүний тоо нэмэгдсэн ч улсын нийслэлийн төлөөлөл, Улаанбаатарт ногдох “хувь”-ийг өсгөлгүй 24 мандаттай хэвээр үлдээж, орон нутгаас олноор сонгогддог МАН-ынхан хөдөөгийн суудлаа нэмж хайр зарлалаа гэсэн нь оргүй шүүмжлэл бас биш.
Дээрх тогтоолыг парламентад суудалтай намууд зөвшилцөж баталсан гэдэг ч сонгуулийг зохион байгуулах нь УИХ-д суудалтай хэдхэн намд хамаатай хэрэг биш. Мөн сонгогч талаас нь харвал тэд сонгуульдаа хэрхэн оролцох, ямар хүнээр өөрсдийгөө төлөөлүүлэх вэ гэдгийг хууль тогтоогчид бодолцон шийдвэр гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах гэж байна вэ, яагаад Үндсэн хуульдаа гар хүрэн байж холимог хувилбарыг бататгаж, дархлав зэргээр ул суурьтай бодож, уялдаа холбоог нь хангасан хууль тогтоомж батлах нь тэдний үүрэг, эрхэм зорилго байх ёстой билээ. Тэгж яривал тойргийн хил хязгаарыг тогтоосон эл шийдвэр нь улс орны хөгжил, төсвийн төлөвлөлттэй ч холбоотой. Өнгөрсөн жил энэ оны төсвийг батлахдаа бүсчилсэн хөгжлийн талаар бараг ам нээгээгүй юм даг.
Гэтэл улсын хэмжээнд тойргийг хувааж, хэд байхыг нь тогтоож буй нь зүгээр л сонгогчид хаана саналаа өгөх вэ гэдгийг байршил, нутаг дэвсгэрийн хязгаараар зааглах төдий ажил биш шүү дээ. Өдгөө түүхэнд байгаагүй том тойрог байгуулсан нь олон горилогчийг халшрааж, зүрхийг нь үхүүлж буй. Өнгөрсөн найман удаагийн ээлжит сонгуулиар олон мандаттай томсгосон тойргийг гурван удаа байгуулж байв. Тодруулбал, 1992, 2008 онд тус бүр 26, 2020 онд 29 тойрог байгуулсан бөгөөд нэг тойрогт хамгийн олон нь дөрвөн мандат хуваарилсан түүхтэй. Харин одоо төвийн бүсийн тав болон баруун бүсийн хоёрдугаар тойрог тус бүр 10 мандаттай байх жишээтэй. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахдаа 48 гишүүнийг мажоритар хувилбараар 26 тойргоос сонгосон юм. Эдгээрээс бусад үед нэг тойрог-нэг мандат буюу 76 жижиг тойргоос гишүүдийг сонгосон түүхтэй. 2000 болон 2004 онд л тойргийн тоог хөдөлгөөгүй. Үүнээс харвал сонгууль бүрийн өмнө тойргийг нааш, цааш хөдөлгөдөг нь манайд хэвшил болчихсон л доо.
Ийнхүү энэ удаа тойргийн хэмжээ газар нутгийн хувьд ч, хүн ам, сонгогчийн тухайд ч хэд дахин томорч, нүсэр болсон атал сурталчилгаа явуулах хугацаа нь хэвээрээ буй. Өөрөөр хэлбэл, бүсчилсэн тойрог байгуулахдаа ердөө өнгөрсөн зун УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө харгалзалгүй, мэдээгүй мэт аашилсан. Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс гаргадаг зардлыг бууруулж, мөнгөнөөс хамааралтай сонгууль болгохоос зайлсхийнэ гэж баахан ярьчхаад баталсан тогтоол, байгуулсан тойрог нь энэ. Сурталчилгааны хугацаа тун давчуу болсон тул нэг нэгээрээ тал тал тийш давхиж, хүч, хөрөнгөө шавхан, тарамдуулахаас өөр аргагүй. Жишээ нь, дөрвөн аймгийг нийлүүлж нэг тойрог болгосон. Өмнө нь нэг аймгийн нутагт хийдэг байсан кампанит ажлын цар хүрээ, сонгогчдын тоо ч багадаа дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг. 1000 км-ийн дотор сурталчилгаагаа хийдэг байсан бол явах газар нь ийм хэмжээгээр томорч, 20 мянга биш, 200 мянган сонгогчтой уулзах шаардлагатай болсон атал хугацаа нь урьдынхаараа байгаа нөхцөлд нэр дэвшигч яаж ажиллах ёстой юм бэ. Ингэснээр сонгуулийн зардлыг бууруулахад чиглэсэн, хэвлэмэл материал, зурагт самбар, ухуулагч зэрэгтэй холбоотой дэвшилт заалтуудын үр дүнг үзэхээргүй болчхож байгаа юм. Мөн сонгуулийн зардлыг бууруулах замаар УИХ-д нийгмийн ялгаатай бүлгүүдийн төлөөллийг аль болох олноор сонгогдох нөхцөл бүрдүүлнэ гэж ярьсаар ирсэн хүмүүс нь өнөөгийн эрх баригчид. Уг нь тойрог томрохын хэрээр нэр дэвшигч, нам, эвслээс тухайн аймаг, дүүргийн сонгогчдод цацах хөрөнгө өсдөгийг хамгийн сайн мэдэж, мэдэрсэн хүмүүс нь улс төрчид, тэр дундаа одоогийн УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүд шүү дээ. Сонгуулийн үндсэн зарчим нь тэгш байх явдал. Гэтэл шинэ нам, эвсэл, улс төрчдөд гарааны ижил нөхцөл үндсэндээ алга, бүр ч үгүй хийчихсэн хэрэг.
Цаашлаад сонгуулийн бүхий л үйл явц сонгогчдод ойлгомжтой, хялбар байх ёстой. Нам, эвслүүд, нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлын удирдлага, зохион байгуулалт, менежментээ хэрхэн явуулах вэ гэдгийн зэрэгцээ сонгогч ямар дүрмээр, яаж оролцох вэ гэдэг нь тодорхой байх учиртай. Тиймээс ч сонгогчид нэр дэвшигчдийн талаар хангалттай мэдээлэл авч, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, юу амласан юм, түүнийгээ биелүүлсэн үү, одоо юу хийнэ гэж яриад байна вэ, улс орны болон бүс нутаг, аймгийнх нь хөгжил ямар түвшинд хүрэх юм гэх мэтээр харьцуулж, судалж байж саналаа өгдөг гэдэг нь үндсэндээ үлгэр болж буйг анхнаас нь шүүмжилсэн хүн олон. Сонгогч мэдлэг, мэдээлэлгүйгээр саналаа өгөх нь сонгуулийн чөлөөт байдлын зарчмыг алдагдуулна гэсэн үг. Тухайн нэр дэвшигч өөрийг нь төлөөлж чадна гэсэн хангалттай итгэл, мэдлэг, мэдээллийг сонгогч тэр олон өрсөлдөгч нараас богино хугацаанд хэрхэн авах вэ гэдэг том асуудалтай тулгарч байгаа юм. Саналын хуудсаар жишээ авахад л 10 мандаттай тойргийн сонгогчдын толгой эргэж, самуурах нь энүүхэнд байхаар буй. Нам, эвсэл тус бүрээс 10 хүн нэр дэвшүүлэх боломжтойгоос гадна бие даагчид өрсөлдөнө гэж тооцвол тэр урт жагсаалтад сонгогчид төөрөлдөнө гэж тооцсон байхыг үгүйсгэхгүй. Ингээд зогсохгүй холимог тогтолцоогоор сонгууль явуулах тул сонгогч бүр нам, эвсэлд санал өгөх шаардлагатай болчихсон шүү дээ.