Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 68.9 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 15 (27.9 хувь) их наядаар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тэгвэл 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наядад хүрч, өнгөрсөн оныхоосоо хоёр (долоон хувь) их наядаар тэлсэн дүн гарчээ. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурч, 2021, 2022 онд 1.6, таван хувиар өсөж байв.
Өнгөрсөн онд ДНБ ийнхүү долоон хувиар өссөний -1.3 нэгж хувийг хөдөө аж ахуй, 2.6-г нь уул уурхай, олборлолтын, 0.6-г нь аж үйлдвэр, барилгын, 4.3-ыг нь үйлчилгээний салбар, 0.9-ийг нь бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн гэнэ. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн жил 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоосоо 378.5 (8.9 хувь) тэрбумаар буурснаар ДНБ-ий өөрчлөлтөд 1.3 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлжээ.
Тэгвэл дээрх хугацаанд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 3.9 их наяд төгрөг болж, 733.8 (23.4 хувь) тэрбумаар өссөн байна. Энэ нь ДНБ-ий өөрчлөлтөд 2.6 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлэв. Аж үйлдвэр, барилгын салбарын эл өртөг 4.2 их наядад хүрч, 162.3 (4.1 хувь) тэрбум төгрөгөөр дээшилсэн гэнэ. Боловсруулах салбарын нэмэгдэл өртөг 5.1 хувиар өссөн нь үүнд нөлөөлжээ. Үйлчилгээний салбарын ийм өртөг өнгөрсөн жил 14.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоосоо 1.2 (9.2 хувь) их наядаар нэмэгдсэн гэсэн үг. Үүнд тээвэр 39.3, мэдээлэл, холбооны салбарынх 16.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг дурдав.
Өрхийн эцсийн хэрэглээ 2023 онд 19.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилийнхээсээ 1.4 (7.4 хувь) их наядаар илүү дүн юм. Төрийн байгууллагын хэрэглээ 6.1 их наяд төгрөг болсон нь 376.6 (6.6 хувь) тэрбумаар өсөж, ДНБ-д 1.3 нэгж хувиар нөлөөлсөн аж. Бараа, үйлчилгээний экспорт 22 их наяд төгрөгт хүрсэн нь 2022 оныхоос 6.6 (42.9 хувь), импорт 29.5 их наяд болсон нь 5.1 (21) их наядаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.