“Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн үнэлгээний 2023 оны тайлан гаргаснаа Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) мэдээллээ. Тус хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор эл кодексыг шинэчлэн баталснаар хувьцаат компаниуд үүнийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн юм. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I, II ангиллын 69, III ангилалд бүртгэлтэй 35, нийт 104 компанийн кодексын хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулахад өнгөрсөн оны нэгдүгээр улирлын байдлаар анхны үнэлгээ 53.3 хувийн гүйцэтгэлтэй байсан билээ. СЗХ-ноос компани тус бүрт зөвлөмж, чиглэл, хугацаатай үүрэг өгч, биелэлтийг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард давтан үнэлсэн бөгөөд кодексын хэрэгжилт дунджаар 17.1 хувиар өссөн байна.
I ангилалд бүртгэлтэй ХК-иудын хувьд хамгийн сайн хэрэгжүүлсэн компанийн засаглалын үзүүлэлт нь ТУЗ-ийн дэргэдэх хороодын бодлого, журмын зохицуулалт (96 хувь), мэдээллийн ил тод байдал (93), хөндлөнгийн аудиторын томилгоо (89), шүгэл үлээгчийн тогтолцоо (85) байсан аж. Харин хамгийн сул хэрэгжүүлсэн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчтай харилцах хөтөлбөр (36 хувь), гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал урамшууллыг олгох гүйцэтгэлийн шалгуур (34), ТУЗ-ийн гишүүдэд зориулсан чиглүүлэх болон чадваржуулах сургалт (22), ТУЗ-ийн дарга, гишүүдийн ажлын үнэлгээ (найм) байсан гэнэ.
“Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн үнэлгээгээр “Говь”, “Инвескор ББСБ”, “Сүү”, АПУ, “Мандал даатгал”, “Сэнтрал экспресс Си Ви Эс”, “Түмэн шувуут”, “Төрийн банк”, “Монгол базальт”, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК эхний 10 байрт бичигджээ.