Уур амьсгалын өөрчлөлт өвлийн спортын тэмцээн зохион байгуулах орнуудын тоог бууруулахаар байна гэж ОУОХ мэдэгджээ. Тэд “Цаг агаарын дулаарлаас хамаарч, 2040 онд ердөө 10 улс өвлийн олимп зохион байгуулах боломжтой” хэмээн үзэж буй. Ирэх жил болох Парисын олимпын өмнө 2030, 2034 оны өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах улсын нэр тодорно. “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харгалзан өвлийн олимпыг зохион байгуулах эргэлтийн тогтолцоо, хөтөлбөрийн бүтэц, мөс, цасан дээрх спортын төрөл бүрийн хэрэгцээ болон бусад зүйлийг хэлэлцэх шаардлага үүсээд байна” гэж тус холбооны ерөнхийлөгч Томас Бах өгүүлжээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэн “Бээжин-2022” өвлийн олимпод хиймэл цас ашиглажээ. “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчан-2018” өвлийн олимп тодорхой хэмжээгээр хиймэл цасанд түшиглэсэн. Улмаар өнгөрсөн жил өмнөд хөршийн нийслэлд болсон олимпоор хиймэл цасны хэрэглээ өндөр түвшинд хүрсэн байна. Тус үеэр цасны 100 гаруй үүсгүүр, цас бударгагч 300 буу ажиллуулж, цанын талбайг бэлтгэсэн аж. 2030 оны өвлийн спортын наадмыг зохион байгуулахаар АНУ, Швед, Швейцар, Франц өрсөлдөж буй.