2026 онд Италид болох өвлийн олимпын наадам эхлэхэд гурван жил гаруйн хугацаа үлдээд байгаа ч зохион байгуулагчид үүрэгт ажлаа дийлэхгүйд хүрчээ. Италичууд бобслей, скелетон, чарганы спортын тэмцээнийг зохион явуулах боломжгүй болсон учир өөр улсад явуулах магадлалтай гэнэ. Ийм явдал өвлийн олимпын түүхэнд анх удаа тохиолдож буй юм.
ЖЭЙМС БОНДЫН ЗАМ
2026 оны цагаан олимп Милан, Кортина-д`Ампеццо (дээрх асуудлаас шалтгаалж өөр аль нэг улсын хотод)-дболно. Тус олимпыг зохион байгуулах эрхийн төлөө италичууд Шведийн Стокхолм, Ора хоттой өрсөлдөж, санал асуулгад 34:47-гийн харьцаатай ялсан билээ. Италичуудын мэдүүлэгт багтсан хамгийн асуудалтай бүтээн байгуулалт нь Южин Монтигийн нэрэмжит чарга-бобслейгийн замыг шинэчлэх ажил байв. Кортина-д`Ампеццо дахь эл байгууламж баялаг түүхтэй бөгөөд энд Жэймс Бондын “For your eyes only” киноны зургийг авч байжээ. Үүнээсгадна тэртээ 1928 онд анхны олон улсын тэмцээнээ зохион байгуулсан. Түүнчлэн ДАШТ, Европын АШТ, мөн 1956 оны олимпын наадам энд болж байлаа.
Гэвч тус зам их эртнээс асуудал дагуулж эхэлсэн. Өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас угзамыг аюулгүй байдлын стандарт хангахгүй гэж үзэх болсон юм. Тухайлбал, 1966, 1981 онд бобслейчид, мөн киноны эхний зураг авалтуудын үеэр Ж.Бондын орлон тоглогч нас барж байлаа.
Иймээс тус замыг шинэчлэн засаж ашиглалтад оруулсан боловч энд скелетоны бус, зөвхөн бобслейгийн тэмцээн явуулахаар өөрчилжээ. Тийм ч учраас 2011 онд Кортина-д`Ампеццод ДАШТ зохион байгуулахаар төлөвлөсөн ч хөтөлбөрт нь багтсан скелетоны зам албан ёсны зөвшөөрөл авч чадаагүй учир Германы Кенигзее хотод эрхээ шилжүүлж байв.
ЗАСВАРЧИН ОЛДСОНГҮЙ
2026 оны олимпын өмнө бүгдийг засварлана гэж италичууд амласан ч зохион байгуулах хорооныхон засвар хийх гүйцэтгэгч олж чадаагүй аж. Тодруулбал, тендерт нь нэг ч компани оролцсонгүй. Түүнчлэн ийм зам улсад нь үнэхээр хэрэгтэй, эсэхэдолон нийт тун эсрэг байр суурьтай байжээ. Ийм томоохон байгууламжийн засвар, барилгын ажил нь байгаль орчин, санхүүгийн ихээхэн сөрөг үр дагавар авчирна гэж тэд үзсэн байна.
Нэн шаардлагатай байгууламжийг барьж амжихгүйгээ ойлгосон зохион байгуулагчид энэ төрлийн тэмцээнээс татгалзахаар шийдсэн аж. “Бид ОУОХ, олон улсын холбоодтой хамтран боломжит бүхий л хувилбарыг судалж байна” хэмээн 2026 оны олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ж.Малаго мэдэгджээ.
Одоогийн байдлаар 2026 оны олимпын бобслей, скелетон, чарганы тэмцээнийг зохион байгуулах сонирхлоо зарим улс илэрхийлж эхэлсэн. Эдгээр тэмцээнийг зохион байгуулах маш сайн зам, байгууламжтай Австрийн Инсбрук эхний саналыг тавьжээ. Түүнээс гадна Швейцар, Герман, Франц улсад ийм замууд бий.
ЦААШИД ЯАХ ВЭ
Италичуудад тохиолдсон эл бэрхшээл нь цаашид бобслей, скелетон, чарганы тэмцээнийг өвлийн олимпын хөтөлбөрт багтаах ёстой, эсэх талаарх маргааныг дахин хөндөв. Эл төрлийн тэмцээнийг тунцөөхөн улс зохион байгуулах боломжтой юм. Дэлхий дээр өдгөө том тэмцээн хүлээж авах боломжтой ердөө 17 зам бий. Ихэнх нь Европт буюу Германд дөрөв, Австрид хоёр байна. Ази тив рүүэнэ төрлийн шилдэг тамирчид бараг очдоггүй учраас Япон, БНСУ, БНХАУ-д байгаа замуудыгбараг ашигладаггүй. Энд бобслей, скелетон, чарганы замыг олимпын наадамд зориулж барьсан ч бусад үед юунд, хэрхэн ашиглах талаар огт бодолцоогүй аж.
Олимпын наадамд зориулж ийм өндөр зардалтай, хожим ашиглах бараг боломжгүй бүтээн байгуулалт хийхээс татгалзсан анхны улс нь Итали биш юм. Бобслейгийн тэмцээнд ердөө есөн улсын баг оролцохоор мэдүүлгээ өгсөн учир 1960 онд Скво-Вэллид ийм зам барихаас зохион байгуулагчид нь татгалзжээ. Үүний улмаас тус тэмцээнийг олимпын наадмын хөтөлбөрөөс хасаж, энэ төрлийн олон улсын холбоо эсэргүүцсэн ч америкчуудыг дийлээгүй аж. Хатуу ширүүн боловч тун ухаалаг шийдвэрийг зохион байгуулах хороо гаргасан нь энэ юм.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар