"Хөөрхөн зүрх" ТББ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Нэг тэрбумаараа тэмцье 2023" хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ. Улс орон даяар өрнүүлж буй эл хөдөлгөөнд Орхон болон Говь-Алтай, Дундговь аймгууд нэгдэж, орон нутагтаа алхалт зохион байгуулжээ. Ер нь хөдөлгөөнд 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүд нэгдээд, маш өргөн цар хүрээтэй болж байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой эл хөдөлгөөнд хүссэн хүн бүхэн нэгдэх боломжтой. Тодорхой хэлбэл, маргааш буюу гуравдугаар сарын 8-нд охид, эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө Сүхбаатарын талбайд цуглаж, алхалт хийх нь ээ. Тэд зүгээр нэг алхахгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө эв нэгдлээ илэрхийлж улаан өнгийн гадуур хувцас өмсөх юм байна. Мөн оролцогчдоос эмэгтэйчүүдийн эрхийг бататгахыг уриалсан уриа, лоозон бэлтгэхийг хүссэн юм.
Энэхүү хөдөлгөөн нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн 2013 оноос жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагаа юм. "Хөөрхөн зүрх" ТББ эл үйл ажиллагаагаар дамжуулан нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан илэрхийлэх, тэмцэх, шаардахыг уриалж буй.
Дэлхий даяар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа бий. Хэрвээ эдгээр эмэгтэйчүүд нэгэн зэрэг тэмцвэл нэг тэрбум хүн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэсэн үг. Тиймээс л хөдөлгөөнөө “Нэг тэрбумаар тэмцье” гэж нэрлэсэн гэнэ.