Жихүүн өвлийг үдсэн урин цагийн эхлэл хаврын улирал сайхан. Гол, мөрөн цөнгөө түрж, ичсэн амьтад сэрж, ханш нээгдэж, шинэ ногоо цухуйн, яргуй дэлбээлж, эрвээхэй нисэлдэж эхэлжээ.
Усны шувууд гангар гунгар дуугарсаар айлчлан ирж, энэ нь шувуулахуйн гэрэл зургийн урлагт дурласан зурагчдын дуран авайд буусаар байна.
Мал төллөлт говийн нутгаар үндсэндээ шувтарч, хангай газар буюу сэрүүн бүсэд хараахан дуусаагүй байна. Энэ жил төв суурин газруудад тоос шороо дарсан, хөдөө орон нутагт “шар тос” гэмээр нойтон цас ихтэй сайхан хавар болж байна. Үүнээс үзэхэд дэлгэр зун болох шинжтэй.